зар

Thursday, March 15, 2012

Аз орхон байдагт та итгэдэг үү

Мөнгөтэй харьцахдаа илүү азтай байдаг хүмүүс бидний дунд цөөнгүй. Гэхдээ ийм хүмүүсийг сайн ажиглавал хоорондоо төстэй нэгэн зүйлийг харж болно. Тэд ихэнхдээ хэмнэж сурсан хүмүүс байдаг. Тэд тодорхой хэмжээнээс илүү мөнгөтэй байдгаас гадна боломжийг ашиглаж сурсан улс юм. Аз нь хүн болгонд БОЛОМЖ гэсэн нэг ижил дүрээр ирж үүдийг нь тогшдог ч харамсалтай нь боломжийг таньдаггүй хүмүүс түүнийг үл сонсоно.

Хэн хэтэрхий их үрэлгэн загнана, тэр төлбөр тооцоогоо бодож толгой чөлөөгүй байсаар боломжийг таних зав гаргахгүй. Зарим нь таньдаг хэдий ч шийдвэр гаргаж чаддаггүйн улмаас хойш сууна. Сайхан завшаан хажуугаар өнгөрөхдөө түргэн бөгөөд удаан хүмүүсийг хүлээдэггүй ажээ. Зөвхөн цөөхөн хэд нь боломжийг таньж, түүнийг шүүрэн авдаг ба тэд бүр өмнө нь шаардлагатай капиталыг зэхчихсэн байдаг. Тэд л азтай хүмүүс юм. Харин үүнээс ч цөөн хүмүүс өөрийгөө нээж, боломжийг олохоор хайдаг. Эд бол хамгийн азтай хүмүүс билээ.

Тэгэхлээр аз гэдэг нь дараах хэсгүүдээс бүрддэг юм байна.
-Капитал хуримтлуулах
-Боломжиг таних
-Түргэн шийдвэр гаргаж боломжийг цаг алдалгүй шүүрэн авах.

Хэрэв хэн нэгэнд маш том аз тохиосон бол тэр олон удаа азыг тосон гүйж, эрсдэлийг хүлээж байсан нь гарцаагүй. Бид сарнайг харахдаа өргөсийг нь анзаардаггүй. Бид азыг хардаг мөртлөө түүнийг хүртэх бэлтгэлийг анзаардаггүй. Мөн бүтэлгүйтлийг ч бас хардаггүй. Аз шүүрэхийн өмнөх бэлтгэл ямар эмх цэгцтэй болохыг та мэдвэл их гайхах болно.

Ойлгодоггүй зүйлсээ аз, эсвэл гайхамшиг гэж үздэгээс бид татгалзах хэрэгтэй. Дөнгөж сая бид азыг “бүтээж” болдог, энэ нь олон жилийн тууштай бэлтгэл хангасны үр дүн байдгийг мэдэж авлаа. Эцсийн эцэст аз нь бидний сэтгэлгээнээс хамаарна. Зөвхөн учрыг нь тайлж чадахгүй байгаа шалтгаанаар азыг ид шидийн тоонд хамааруулах эсэх нь тухайн хүний сэтгэлгээнд оршино. Хэрэв хэн нэгэн өөрийгөө ямар ч азгүй амьтан гэж ярьж байгаа бол энэ нь ямарч хариуцлагагүй байсных бөгөөд ингэж ярих нь түүний хувьд сайхан шалтаг юм. Хэрэв та хариуцлагатай бол азыг төлөвлөж болдог гэдгийг мэднэ.

Хүн бүрт ижилхэн боломж байдаг. Хамгийн гол асуудал бол: Бид бүх зүйлд хариуцлагатай байж гайхамшиг, аз хоёрыг эзэмдэж чадах уу? гэдэг л юм. Хэрэв тийм бол та ямар гайхамшгийг бүтээж чадахаа үзэж, бахдах болно. Харин хүн хариуцлагаас шантрах юм бол түүнийг үргэлж гай дайрч эхэлдэг. Хариуцлагатай бай, тэгвэл та азаа төлөвлөж чадна.

No comments:

Post a Comment