зар

Thursday, September 4, 2014

Зорилготой байцгаая

Огт зорилгогүй хүн гэж байдаггүй. Хүн бүр дотроо ямар нэгэн зорилго тээж явдаг гэж би бодож байна. Танд ч гэсэн зорилго байгаа. Тийм үү?
Яагаад хүн бүр зорилготой байдаг вэ гэвэл хүн бүр хүссэн юмаа олж авч чаддаг амжилттай хүн болох хүсэлтэй байдаг учраас зорилготой байдаг.

Хамгийн гол нь ихэнх хүмүүс дотроо байгаа тэр зорилгыг гаргаж ирж, тодорхой болгодоггүйд л хамаг учир байгаа юм. Өөртөө цаг зав гаргаж байгаад, тухлаж сууж байгаад, цаас харандаа авч байгаад зорилгоо тодорхой болгож бичих цагийг хэзээ ч гаргадаггүй гэсэн үг.
Тийм ч учраас ихэнх хүн өөрөө амьдралаа бүтээхээсээ илүү амьдрал надад тохиолдоод байна (надад л ийм болж бүтэхгүй амьдрал тохиолдоод байна) гэсэн бодолтой байдаг гэж болно.
Тиймээс эдгээр хүмүүсийн эгнээнд багтаж орохгүйн тулд өнөөдөр өөртөө тусгайлан цаг зав гаргаж байгаад, зорилгоо тодорхой болгон бич.
Тодорхой болгохын тулд өөрөөсөө дараах асуултуудыг асуу.
1. Би амьдралаа ямар болгомоор байна вэ?
2. Би яг юу хүсч байна вэ?
3. Би ямар хүн болмоор байна вэ?
4. Миний хайр дурлал гэр бүлийн харьцаа ямар байгаасай гэж бодож байна вэ?
5. Банкиндаа хэдэн төгрөгтэй болмоор байна вэ?
6. Бие бялдраа яаж хөгжүүлмээр байна вэ?… гээд л амьдралынхаа бүх л талбаруудаас асуулт асуу.
Асуулт бүрийг дахин дахин асуу. Учир нь эхлээд өөрөөсөө асуулт асуухад маш ерөнхий хариулт өгдөг. Тухайлбал, “Би амьдралаа ямар болгомоор байна вэ?” гэж асуухад “Би амьдралаа аз жаргалтай болгомоор байна” гэж хариулж байх жишээтэй.
Харин тодорхой хугацааны турш өөрөөсөө дахин дахин асууснаар хариулт улам нарийсч, улам тодорхой дүр төрх, зургийг үүсгэдэг. Тиймээс аливаа өөрөөсөө дахин дахин асуух нь маш чухал.
Ингэж тодорхой болгосноор та өмнө нь зорилгогүй, зогсонги болсон юм шиг санагдаж байсан бол харин одоо тодорхой зүг чигтэй болохоос гадна түүнийгээ биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй болно.
Зорилгоо тодорхой болгож чадаагүй хүн өөрийнхөө талд зогсож чадахгүй, хаа сайгүй явж байдаг. Мөн өөрийн гэсэн тогтсон бодолгүй, бусад хүмүүсийн бодол санаанд автаж, өөрийн бодол санаанаас урвах нь амархан байдаг.
Харин зорилгоо тодорхой болгосон хүн өөрийнхөө талд бат зогсож чаддаг ба суурьнаасаа огт хөдөлдөггүй. Хөдөлсөн ч эргэн сууриндаа очих чадвартай байдаг.
Зорилго тавих нь яагаад чухал вэ гэвэл зорилгодоо хүрэхийн тулд хүн заавал өсч хөгжих шаардлагатай болдог байна.
Санаж яв: Зорилго хүнийг хөгжүүлдэг.
Өсч хөгжих нь маш чухал гэдгийг бид аль хэдийн мэднэ. Мөнгөтэй байлаа гэхэд дампуурах магадлал бий. Байшинтай байлаа гэхэд нурж бас шатаад алга болж мэднэ. Машин тэрэгтэй байлаа гэхэд эвдэрч, хулгайд алдах боломжтой. Гэр бүл хайртай хүмүүсээсээ хагацахгүй гэхийн аргагүй.
Харин олж авсан мэдлэг, туршлага зөвхөн өөртөө л үлддэг.
Тиймээс дахин хэлье.
Зорилгыг яаж өөртөө бий болгох вэ? гэвэл
“Хүн бүрт зорилго бий. Харин хүн бүр зорилгоо тодорхой болгодоггүй.”
Тиймээс өнөөдөр, яг одоо өөртөө 30хан хувь(минут) гаргаж байгаад зорилгоо тодорхойл.
                                                       
                                                   Амжилтын тарни
                              Миний амьдралын зүг чиг ТОДОРХОЙ!

No comments:

Post a Comment