зар

Thursday, March 8, 2012

Буриадын түүх

Буриад зон эрт цагт Ойн иргэдийн дотор багтаж байлаа. Ойн иргэд Байгал нуурын хоёр талаар, Сэлэнгэ мөрний адаг, Зүлхэ мөрний сав, Саян уулс, Енисей мөрний эх, Тагна (одоогийн Тува) газруудаар суурьшиж байсан гэж үздэг. Тэр цагт Хорь Түмэд, Буриад, Булагчин, Хэрэмчин мэтын ястад ой тайгаар ан гөрөө хийж аж төрж байв.


1206 онд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын мэдэлд орж явав. Монголын Юань улсын дараагаас Барга, Буриадууд "Арын ганц модон" гэх отогууд буюу Дөрвөн Ойрдын мэдэлд орж явав. 15-р зуунд Ойрд буюу Баруун Монголчууд өрнө зүг нүүж, Барга Буриад аймгууд Зүүн Монголын Батмөнх Даян хааны харьяат болоод, зургаан түмэн Монголын зүүн 3 түмний нэг Урианхай түмэний бүрэлдэхүүнд багтаж байв. Тэр үед Буриад зон Байгал, Сэлэнгэ, Онон, Хөлөнбуйр, Хянган нутгаар нүүдэллэн амьдарч байв. 17-р зуунд Урианхай бутарч, Буриад зон Халхын Түшээт хан, Засагт ханы захиргаанд хамаардаг байлаа.

17-р зууны дунд үеэс Оросууд Сибирьт орж ирэн Буриадад хэрэм барьж эхлэв. 1648 онд Үдийн цайз (хэрэм), 1652 онд Баргажаны, 1654 онд Эрхүүгийн, Нэршүүгийн нутагт гэх мэтээр хэрэм барин сууж, Байгал шадар нутаг суудаг Буриадуудыг захирч эхлэв. Тэр үед Манжын хаан Монгол нутагт нэвтрэн зүүн талаас захалж хаяалжээ.

Буриад отгуудын түрүүч, ноёд хуралдаад ямар улсыг түшэх тухай гэж зөвшилцөөд нэг нь Халх руу, Манж руу, Орос руу гэх ондоо 3 санал гаргацгаажээ. Ихэнх нь нутагтаа үлдэж, Оросын цагаан хааны мэдэлд орохоор шийдэв. Цаашид олон ядуу Орос тариачдыг Цагаан хааны зарлигаар зөөж суурьшуулан үржил шимтэй газар нутгийг аажим аажмаар эзлэжээ. Ингэж Буриадууд Оросуудад эзлэгдсэн түүхтэй. Энэ үйл явдал маш ээдрээтэй, зөрчилдөөнтэй учир болно. 1727 оны гэрээгээр хилийн шугамын овоод босгогдож, Буриад нутаг тэр хэвээр Хаант Оросын мэдэлд орсон юм.[4]

No comments:

Post a Comment