зар

Monday, March 19, 2012

Аргат улаан үнэг

Эрт урьдын цагт нэг хоосон ядуу хүү оготно, зурманд урхи тор зүүж түүгээрээ амьдардаг байжээ. Тэгтэл нэг өдөр оготно зурам агнаж яваад түр амран сууж байтал гэнэт нэг улаан үнэг хар гүйхээрээ давхиж ирээд тэр хүүгийн
хормой доогуур шурган орж “За намайг хайж яваа олон морьтой хүн хүрч ирээд Үнэг хаачив гэж асуувал аль хэдийнээ тэр хамар дээгүүр даваад явчихсан гэж хэлээрэй” гээд хүүгийн хормой доогуур улам нуугдан оров гэнэ.

Гэтэл түүнийг хайсан бололтой буу саадаг агссан олон морьтой хүмүүс хойноос нь давхин ирээд нөгөө хүүгээс "нэг том улаан үнэг хаачив, түүнийг харав уу " гэж асуухад хүү үнэгний хэлсэн ёсоор нэг үнэг аль хэдийн тэр хамар дээгүүр даваад явчихсан. Одоохон явбал гүйцнэ гэхэд тэр улсууд мориныхоо амыг ч татах завдалгүй тэр чигээрээ үнэгний хойноос давхин явцгаав гэнэ.

Нөгөө хүүг босоод явахад үнэг ийн хэлж гэнэ. За та миний амийг аргагүй аварлаа харин ачийг танд заавал хариулах болно. Тэгэхдээ: Таны аж амьдрал хэр зэрэг билээ? гэж асуухад нөгөө хүү нь оготно зурмыг тороор барьж амь зуудаг хүн гэж үнэн байдлаа хэлж гэнэ. Одоо үед оготно зурам ч юу базаах вэ дээ харин чонын арьс үнэтэй шүү дээ. Иймд чоно алж арьсыг нь цай тамхи янз бүрийн зүйлээр худалдана уу гэхэд хүү тэр ямар зүг байх вэ? харин миний урхинд орж надад алагдах тийм чоно хаанаас байх вэ дээ гэж хэлэхэд Та наад бүсэндээ байгаа хонхыг миний хүзүүнд зүүж өгнө үү гэж гуйхад нь хүү бүсэндээ байсан хонхыг тэр үнэгний хүзүүнд зүүж өгчээ.

Үнэг тэр өдрөө цааш давхиад янз бүрийн араатан амьтдын дэргэдүүр явж байтал чоно дайралдаад үнэг чи энэ хөөрхөн юм хаанаас олоод зүүчихээв наадах чинь яадаг юм бэ гэж асуухад нь энэ юмыг олоход тийм төвөгтэй биш энэ булгийн мөсөн дээр өдөр шөнөгүй оцойгоод суучихлаар нэг өвгөн хүрч ирээд хүзүүнд нь зүүгээд өгдөг юм гэжээ. Намайг оцойж суухаар зүүж өгөх болов уу гэж асуухад нь Надад өгсөн юм танд өгөлгүй яах вэ гэж үнэг хэлэв. Чоно хүзүүндээ хонх олж зүүхээр тэр булаг чинь хаана байдаг юм гэж лавлан асууж аван үлджээ. Үнэг ийн чонод хэлснийхээ дараа хүүд хүрч ирээд За маргааш өглөө энэ булгийн мөсөн дээр нэг чоно бөгсөөрөе наалдчихсан байх вий. Түүнийг очиж цохиж алаад арьсыг нь авч цай идэх юмнаас өгөөрэй гэж хэлээд явжээ.

Хүү маргааш өглөө нь юу магад гэж бодоод булгийн наахан мод бариад явж байтал нээрэн булгийн мөсөн дээр нэг чоно оцойгоод сууж байхыг хараад түргэн түргэн алхсаар очиход нь тэр чоно миний хүзүүнд хонх зүүж өгөх хүн ирж яваа болов уу гэж санаад цааш зугатах гээд ухасхийтэл бөгс нь мөсөнд наалдчихсан байжээ. Тэгэхийн хооронд хүү түүнийг цохиж алаад чонын арьсыг худалдаж цай тамхи зэрэг юмнаас өгч гэнэ. Гэтэл хүүгийн оршин суудаг тэр нутагт арслан барнаас эхлэн янз бүрийн араатан амьтан их байдаг тул бартай ууланд гарч ан хийхээр гарсан боловч баранд идүүлчихсэнгүй арай чамай гэртээ иржээ. Тэгээд нэг өдөр оготно зурам агнаж явтал арслан дайралдаад чамайг иднэ гэхэд нь гайхахдаа За хоёулаа эрийн гурван наадмаар наадаад хэн дийлсэн маань нөгөөгөө идье гэж тохиролцоод цаашаа явж байтал аргат улаан үнэгтэй дайралджээ.

Тэгээд түүнд За би арслан баранд идүүлчих гээд огт болохоо байлаа. Одоо хаачдаг юм билээ гээд мөн арслантай дайралдаж энэ удаа ингэж хэлээд арайхийн амьд гарлаа гэхэд тэр чинь зөв. Харин маргааш очоод түүнтэй ямар ямар аргаар хэрхэн наадах вэ гэж ярилц. Хэрэв тэгээд зөвшөөрөх юм бол хоёулаа цагаан чулуунаас базъя, усгүй газраас ус гартал дэвсэе, ургаа модыг үндэсээр нь булга татаж унагая гэж хэлээд ир. Хэрэв үүнийг зөвшөөрвөл би аргыг нь зааж өгье гэжээ. Тэгээд маргааш нь үнэгний хэлсэн ёсоор арслантай очиж уулзаад хоёулаа ийм гурван зүйлээр ингэж бяраа үзье гэхэд арслан тэгье гэж зөвшөөрөөд үлдэж. Хүү аргат улаан үнэгэндээ ирж бид яг хэлсэн ёсоор чинь ярилцан тохиров. Одоо яахав гэж хүү асуужээ.

Тэгэхэд нь аргат улаан үнэг за одоо нэг довыг аятайхан хонхойлж ухаад дор нь гүзээнд ус хийж тавиад буцаагаад шороогоор нь булчих. Бас нэг модыг үндэсийг нь гартал ухаж булга татаж аваад дор нь эргүүлээд хуучин янзаар нь аятайхан булчих мөн нэг шувууны өндөг олж тэр довынхоо ойролцоо тавьчих гэжээ. Хүү тэр ёсоор нь нэг дов аятайхан авч доод газрыг нь ухаж гүзээтэй ус хийж тавиад, нэг модыг үндсээр нь ухаж булга аваад буцааж тавиад хуучин байдлаар нь булаад, нэг шувууны өндөг олж довныхоо дэргэд тавьжээ. Тэгээд болзоотой өдрөө арслан хүү хоёр уулзаж гэнэ. Тэгээд урьдаар хэн бяраа үзүүлэх вэ гэхэд нь та үзүүл гэж арслан хэлжээ.

Өнчин хүү гүзээтэй ус хийсэн довон дээрээ ирээд дэвстэл дов цөмөрч дороос нь ус дээшээ оргилжээ. Шувууныхаа өндөгийг базтал бас түүнээс шүүс гарчээ. Модыг хэвгий тал руу нь алгадтал үндсээрээ булга үсэрчээ. Гэтэл арслан өдөржингөө дэвссэн боловч хонхойно уу гэхээс ус ер гарсангүй. Бас дараа нь модноос арслан татахад дундуураа хугарахаас үндсээрээ булгарсангүй гэнэ. Тэгэхээр нь аа энэ чинь үнэхээр хүчтэй амьтан юм байна. Би энэ хүнээс хүч дутуу болох нь мэдээжийн хэрэг болов гэж арслан шантарч. Нутагтаа очоод баранд энд нэг сүрхий бяртай хүн байна. Түүнийг би лав хүчрэхгүй юм байна. Чи яадаг бол нэг оролдохгүй юу гэж хэлэхэд нь: Бар за тэгье гэж хэлжээ. Тэгээд байж байтал чоно бас бартай уулзаж тэр хүн миний нэг анд найзыг мөсөн дээр сууж байтал нь бас модоор цохиж алсан юм. Тэр муу хүүд тийм их бяр чадал байхгүй хоёулаа очье гэхэд нь бар ээ мэдэхгүй тэр чинь арслантай эрийн гурван наадам хийгээд түүнийг дийлсэн гэсэн юм шүү. Би ч хувьдаа итгэхгүй байна гэж хэлжээ. Хэрэв та нар надад итгэхгүй байгаа бол хоёулаа хүзүүгээрээ холбоод очьё гэж чоно хэлжээ.

Тэгээд барыг дагуулж хүүгийнд очихоор шийджээ. Гэтэл аргат улаан үнэг үүнийг мэдээд. За хөө эндээс чоно бар хоёр холбоотой ирэх байх шүү чи огт хэнэггүй. Өрт муу чоно чи ганц муу бар хөтлөөд ирэх шив. Урд уулнаас алсан барын гуя хойд уулнаас алсан арслангийн өвчүү хоёрыг чононд чанаж өг. Энэ хөтөлж яваа барыг хөлд нь чөдөр хийгээд уя гэж хүнтэй ярьж байгаа юм шиг хашгирч байгаарай гэж xүүд хэлжээ. Тэгээд хүү чоно бар хоёрын ирэх бараанаар. Чоно нэг муу бар хөтлөөд ирж явах шиг байна. Түүнд урд уулнаас алсан барын гуя хойд уулнаас алсан арслангийн өвчүү хоёрыг чанаж өгөөрөй. Харин хөтөлж ирсэн баранд нь ногт чөдөр хийгээд хурдхан шиг уяарай, гэж хэлэхийг бар сонсонгуутаа. За тэгнээ гэж хэлээд байдаг хурдаараа буцан давхихад нь түүний харайлтыг чоно гүйцэхгүй боогдохдоо айж ам нь ярзайж арайхийж явахыг бар эргэж хараад миний айж сандарч явахад чи бас доог тохуу хийнэ ээ гэж уур нь улам хүрч том том харайгаад явтал чоно боож үхжээ. Арслан бар хоёрыг айлгаж явуулснаас хойш айх юм байхгүй амар сайхан жаргажээ

No comments:

Post a Comment