зар

Monday, March 19, 2012

Б.Эрдэнэсолонго "Эжий цагаан домог"


Эрт л урьдын үед  гэнэ
Энэ л цагийн эхэнд гэнэ
Хариг их  устай
Ариг цагаан чулуутай
Удган их  модтой
Урьд эртийн домогтой
Үзүүр бараа нь сүрлэг
Учиртай нэгэн уул байж
Удган их  модтой

Учиртай нэгэн ууланд нь
Ухаант нэгэн хүүхэн
Урц гэрээн бариад
Уул усаан түшээд
Удган модыг сахиад
Алд ганц биеэрээ
Амьдран сууж л гэнэ 
Ганц биеийг сахиад
Гадаа гэртийг тойруулаад
Хүүхэн биеийг умартаад
Хүүхэд үрийг мартаж гэнэ
Тавин насыг хүрэхэд гэнэ
Таяг тулууртаа ойртоход гэнэ
Хан тэнгэр түүнийг
Халаглан өрөвдөж гэнэ
Хатан заяат түүнийг
Харуусан бодож гэнэ
Хүүхэн заяаг нь бодоод
Хүүхэд нэгийг заяаж гэнэ     
Дал хүрэхийн цагт л
Ээж ээ гээд хэн түшнэ
Ная л хүрэхийн цагт л
Наашаа гээд хэн ачилна
Хан тэнгэр түүнийг
Халаглан өрөвдөөд 
Хиртэй гараар баримгүй
Хэнз нэгэн үр заяаж гэнэ  
Дээрээс орсон хураас уу
Дэргэдээс ургасан ногооноос уу
Тооноор туссан гэрлээс үү
Тотгоор шургасан салхинаас уу
Хан тэнгэрээс хайрласан
Хэнз нэгэн үр нь
Хангай шиг түшигтэй гэнэ
Харз шиг тунгалаг гэнэ
Ургамал ногооноос ургасан
Учиртай нэгэн үр нь
Уул овоо шиг түшигтэй гэнэ
Учир ухаан арвин гэнэ
Баатар эрийн шинжтэй гэнэ
Барс ирвэсийн хүчтэй гэнэ

No comments:

Post a Comment