зар

Wednesday, May 1, 2013

Хэл уствал соёл устана


Хэл уствал соёл устана


Өнөөдөр дэлхий дахинд 6000-7000 хэл байна гэдэг. 200 орчим хэлээр 1 саяас дээш хүн ам ярьдаг байна. 2000 орчим хэлээр 1 саяас илүүгүй хүн ярьдаг байна. 900 хэлээр 5-аас 10 сая хүн ярьдаг гэсэн мэдээ байна. Монгол хэлээр ярилцагчид энэ бүлэгт багтаж байна. Хамгийн олон хүн ярьдаг хэл болох мандарин хятад хэлээр 874 сая хүн, англи хэлээр 341 сая хүн ярьж байна.


Англи хэл хамгийн тархсан хэл болж 52 оронд албан ёсны хэл нь болж байдаг байна. Гэтэл орчин үеийн соёл иргэншилтэй холбоотойгоор хүн төрөлхтөний олон хэл мөхөх аюулд тулгараад байгааг НҮБ-аас тэмдэглэж байна. Тухайлбал Австралийн 200 хэл 10-аас илүүгүй ярилцагчидтай болсон гэсэн мэдээ бий. Иймд нэг хэл уствал хүн төрөлхтөний хуримтлуулсан асар их соёл устаж алга болдог байна.


Иймээс аль ч хэл тухайн ард түмний соёлыг бүтээж, хадгалж, тээж байдаг. Жишээ нь, эскимос үндэстэн “цас”-ны өнгө, ширхгийг ялгаж нэрлэх маш олон үгтэй байдаг нь тэдний тухайн зүйлийг таньж мэдсэн мэдлэг, соёлтой холбоотой байдаг байна. Хятад хүмүүс “цагаан будаа” тарих, хураах болон “ураг садан”-ы олон арван үг хэллэгтэй байдаг нь тэдний аж төрөл, соёл, мэдлэгтэй холбоотой байдаг байна.

Гэтэл одоо үед хятад хүний ураг садны нэрэнд өөрчлөлт гарч, мартагдаж буй нь тосгоны амьдралаас томоохон хот суурины амьдралд шилжиж, хятад айл нэг хүүхэдтэй байх гэсэн бодлого, айлын нэг хүүхэд “ах, эгч, дүү” гэж хэлэх хэрэгцээ үгүй болсонтой холбон ойлгож болох ажээ. Томоохон гол мөрөн, тэнгис далайн хөвөөнд орших ард түмэн загас, далайн амьтадтай холбоотой үг хэллэгээр баялаг байдаг нь мөн тэдний аж амьдрал, соёлтой холбоотой юм.


Энэ бүхнээс үзвэл монгол хэл бол монголын ард түмний хэдэн зуун, мянган жилд бүтээн хуримтлуулсан мэдлэг оюун, ертөнцийг үзэх үзэл, аж төрөхүй, түүхийн мэдээг хадгалж, шинээр бүтээж байдаг соёлын өв болж байна. Их зохиолч Нацагдорж “Өсөхөөс сурсан үндсэний хэл мартаж болшгүй соёл мөн. Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон мөн” гэж монгол хүн бүрийн сэтгэлийг огшоотол яруу сайхан магтан дуулсан нь үүнтэй холбоотой гэж болно.

Бусад ард түмэнтэй харьцуулбал монгол хэл мал аж ахуй, ан ав, тэнгэр эрхсийн мэдлэгийг илэрхийлсэн үг хэллэгээр баян байдаг. Монгол хүний ойлголтоор “битүү, бүтэх” гэдэг үгс “зай завсаргүй дүүрэн байх, болох” гэсэн утгыг илтгэдэг.

Иймд бид “битүү цас” гэвэл “газрын гадаргыг зай завсаргүй дүүрсэн цас”, “битүү сахал” гэвэл “хацар нүүрийг зай завсаргүй дүүрсэн сахал”, “битүү үг” гэвэл “зай завсар орж ухаж ойлгомгүй үг”, “битүүний орой” гэвэл “сар зай завсаргүй болж бүрэн дүүрсэн орой”, “битүү гудамж” гэвэл  “ нэвтрэн гарах зай завсаргүй гудамж” гэсэн утгаар ойлгож хэлдэг. Иймд “битүүлэх” гэвэл улиран одох битүүрч дүүрсэн сар бүхий оноо үдэж шилжрэн ирэх шинэ жилээ угтах гэсэн соёлын утгыг илтгэж байдаг.


Мөн “хамар битүүрэх” гэвэл “хамар агаар орох зай завсаргүй болж ханиад хүрэх”, “ажил бүтэх” гэвэл “ажил зай завсаргүй болж амжилттай дуусах”, “шарх бүтэх” гэвэл “шарх зай завсаргүй болж аних” гэсэн утгыг илтгэдэг. Ийн “битүү, бүтэх” гэсэн хоёр үгийн утгаас үзвэл монгол хүн уг юмыг хэрхэн ухаарч, ойлгож ирснийг мэдэж болохоос гадна, энэ хоёр үг гарал нэгтэй үгс байжээ гэдгийг мэдэж болдог. Үүнийг тухайн үгсийн авианы хувьсал, үг бүтэх ёс ч баталж байдаг.


Монгол хэл нь монголын ард түмний соёлын өв болохын хувьд монголчуудын оюун мэдлэгийг аман уламжлал, бичгийн болон аман зохиолоор тээж хадгалж байдаг. Бид “Монголын нууц товчоо, Чингисийн чулууны бичиг, Өнчин хөвгүүний сэцэлсэн шаштир, Ганжуур, Данжуур” зэрэг олон арван зохиолыг монгол хэлээрээ бүтээн туурвихдаа мэдлэг оюун, соёлоо шингээж, хадгалж, түгээн дэлгэрүүлж иржээ.

Монгол ардын аман зохиол нь ард түмний мэдлэг, зан үйл, ертөнцийг танин мэдэх түлхүүр болж байдаг. Монголчууд “Аавын хүү адуундаа Жангар” гэж уг юмандаа эзэн, “Гэрээ мартсан Гэсэр биш” гэж удаанаар хэсүүчлэн тэнэх хүн биш гэсэн утгаар хэлдэг онч мэргэн үгс нь монголын ард түмний соёлын гайхамшигт өв болох Жангар, Гэсэрийн туульсын үйл явдал, соёлтой холбоотой үүссэн байдаг.


Монгол хэл өнчин болдог шиг хэл биш бөгөөд бусад ард түмний соёлоос суралцахад болон соёлоо түгээн дэлгэрүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Үүнийг бусад хэлнээс монгол хэлэнд орсон үг хэллэг, монгол хэлнээс бусад хэлэнд орсон үг хэллэгээс ч тодорхой мэдэж болно. Тухайлбал монгол, энэтхэгийн ард түмний эрт цагийн соёлын харилцаа, энэтхэгт үүсэн хөгжсөн бурхны шашин, гүн ухаан, анагаах ухаан, хэл, уран зохиол зэрэг их, бага таван ухааны монголд нөлөөлсөн нөлөө, түүгээр дамжин монгол бичгийн болон ардын ярианы хэлэнд орсон олон арван санскрид үг хэллэг гэрчилж байдаг.

Энэтхэгийн хэлээр “праджна парамита” гэсэн үгийг монгол бичгийн хэлээр “билиг-үн чинаду хязгаараа хүрэгсэн”, “билиг барамида” гэж орчуулсаар ирсэн байдаг. Энэтхэгийн хэлээр праджна гэдэг нь “билигийн чинаду”, “парамита гэдэг нь “нөгөө этгээдэд хүрсэн” гэсэн утгатай бөгөөд гэвч монголчууд монгол, энэтхэг хоёр үгийг хольж товчхоноор “билиг барамид” гэж хэлж ирсэн заншилтай байдаг байна.


Монгол хэлний “баатар, харуул, хэрэм, гутал, шөл, зуд” зэрэг олон үг европын болон азийн хэлнүүдэд орсон нь монголчуудын бусад ард түмэнд нөлөөлсөн соёлын тусгал юм. Хэл уствал соёл устана гэдгийн утга агуулга үүнд оршдог байна.

Доктор О.Самбуудорж

No comments:

Post a Comment