зар

Tuesday, April 30, 2013

Өөрийгөө хөгжүүлэх арга замууд

Амжилтанд хүрье гэсэн хүн бүхэн тодорхой нэг хэмжээгээр өөрийгөө хөгжүүлж, сайжруулж байх хэрэгтэй байдаг. Оюун ухаан, бие бялдараасаа авахуулаад харилцааны соёл гэх мэтчилэн хөгжүүлэх зүйлс олон бий. Тэгвэл эдгээр зүйлсээ хөгжүүлэх арга замууд юу байж болох вэ?
Энэ удаагийнхаа нийтлэлээрээ та бүхэнд хэд хэдэн арга замыг санал болгож байна.
  1. Эргэлзээгүйгээр ном унших гэдэг бол өөрийгөө хөгжүүлэх хамгийн оновчтой арга. Ном унших тусам таны сэтгэн бодох, эргэцүүлж бодох болон анализ хийх чадвар улам өсөн нэмэгдэж байхаас гадна эргээд уншсан мэдлэг тань бодит амьдрал дээр таньд хамгийн их нөлөө үзүүлдэг. Анхаарах зүйл: Хэдий зарим нэг уран зохиолын ном өөртөө чухал мессэжийг агуулж чаддаг ч ихэнх уран зохиолын номнууд зүгээр л таны тархийг нэг баясгаад л өнгөрдөг тийм болохоор та энэ талын номноос аль болох бага уншиж байх нь зүйтэй. Оронд нь өөрийгөө хөгжүүлэх талаар бичсэн аль эсвэл уран зохиолын бус номнуудыг түлхүү уншаарай.
  2. Өөрийгөө байнга сориж байх хэрэгтэй. 7 хоногт ядаж нэг удаа чадахгүй юмаа хийх гэж оролд. Чадахгүй аа эсвэл сайн чаддаггүй зүйлээ гарамгай хийж сурах гол нууц нь дахин дахин шантралгүй оролдох.
  3. Унтах нойроо багасга. Орой унтаж эрт босч чадсанаар та өөрийгөө бусдын өмнө цөөнгүй хэдэн алхмын урд өлхөн тавьж чадна. Таны бүтээмж шөнө дундад унтаж үд хүртэл унтаж буй хүмүүсээс хамаагүй илүү байх болно.  Дунджаар 6-7 цагын нойртой байхад хүн ядарч туйлдаад байхгүй. Харин ингэж хэвштэлээ л бага зэрэг зовдог ба нэгэнт зуршил болцон хойно таны бие махбодь автоматаар сэрдэг болно.
  4. Ямар нэгэн дасгал сургуулилтаар эсвэл биеийн тамираар заавал хичээллэх хэрэгтэй.  Бие махбодь чинь идэвхитэй, эрүүл чийрэг байж чадаж гэмээнэ таны оюун ухаан, сэтгэн бодох чадвар илүү сэргэлэн цовоо, ажиллагаатай байна.
  5.  Бусдаас шүүмжлэл сонсож сурах хэрэгтэй. Хүн магтаал сайшаалаас урам авдаг нь үнэн боловч жинхэнэ хөгжил бусдын шүүмжлэлийг хүлээн авч өөрчлөлт хийхээс ирдэг. Мэдээж шүүмжилсэн болгон нь үнэн биш байдаг болохоор гол нь бусдын шүүмжлэлээс авахыг нь аваад хаяхыг нь хаяж байх хэрэгтэй.
  6. Сул тал болон муу зуршлуудтайгаа байнга тэмц. Магадгүй өдөр бүхэн та ялахгүй байж болох ч битгий бууж өг. Тулааны талбарт хамгийн их тэвчээр зааж чадсан нь ялдаг гэдгийг битгий март. Ялалт бүхэнд өөртөө баяр хүргэ.
  7. Ямар нэг хэмжээгээр амьдралдаа зорилго гаргаж амьдар. Хүн урдаа тавьсан зорилготой ажиллаж, амьдрахад аливаад огт өөрөөр хандаж хамаагүй их зүйлийг дэс дараатайгаар амжуулж чаддаг.
  8. Өнгөрснийгөө тавьж явуулах хэрэгтэй. Өнгөрсөн алдаандаа харамсаж, өнгөрснийгөө санан гиюүрч байгаа хүн өнөөдөр болон ирээдүй хэмээх хоёр цаг хугацааг ямар ч ач холбогдолгүй болгож  орхидог. Цаг хугацааны хууль гэдэг зүйлийг хэн ч сөрж чадахгүй тиймээс ганц олдсон амьдралаа үрэн таран хийхийг л хүсээгүй бол өнгөрсөндөө битгий наалд.
  9. Өөрийн гэсэн амьдралын багштай бол.  Туршлага, мэдлэг, зан чанараас нь суралцсанаар таныг хөгжүүлж илүү дээр хүн болоход тань тус нэмэр болж байвал энэ хүн хэн ч болно. Таны аав  ээж, ах эгч эсвэл дэлхийд алдартай зохиолч, бизнессмэн гээд л хэн ч байж болно. Гол нь дор хаяж нэг хүн заавал сонго.
  10. Жижиг дунд бизнессийг дэмжих жил гээд л засгийн газраас зарладагийн адилаар та ч гэсэн эрүүл мэнддээ анхаарах жил, боловсролоо дээшлүүлэх жил, харилцаагаа сайжруулах сар гэх мэтээр өөрөө өөртөө нэрэмжит цаг хугацааг бий болго. Ингэснээр та энэхүү хугацаандаа анхаарах ёстой зүйлсдээ илүү анхаарал тавьж амьдрал илүү зохион байгуулалттай болоход тус болдог.
Ингээд таньд амжилт хүсье. Үүнээс илүү өч төчнөөн арга замууд бий гэдэгт би эргэлзэхгүй байна. Хэрвээ эдгээр зүйлс таны хувьд тийм ч тохиромжтой биш байвал өөрөө өөрийнхөө загварыг та гаргаарай гол нь та хөгжиж байх ёстой шүү. Тэгж байж л бид сэтгэл хангалуун амьдарч чадна.

No comments:

Post a Comment