зар

Monday, March 19, 2012

Буриад бөөгийн тухай


                   Монгол бөөгийн vзэлд мөнх тэнгэрийг ямар нэг хатуу буюу шингэн зvйл биш, хийн чанартай зvйл гэж vздэг тvгээмэл ойлголт буй болжээ. Хvн өдрийн цагт дагаж харсан шөнийн цагт манаж харсан тэнгэртээ хаягдахгvйн тулд тэрхvv тэнгэртээ хатуу итгэж, тvvнийгээ чин vнэнчээр шvтэж, хадгалж хамгаалж ирсэн байх юм. Бөөгийн vзэлд харсан тэнгэр гэсэн ойлголт байдаг. Тэр нь хvнийг vргэлж дагаж, ажил vйлсийн нь биелэлтэнд байнга нөлөөлж, ирээдvйг нь урьдчилан харж туслаж байдаг гэж итгэн шvтэж биширдэг. “Мөнх тэнгэр судлал”-ын олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хуралд тависан илтгэл “Мөнх тэнгэр судлалын дэлхийн Академи” - аас санаачлан зохион байгуулж байгаа “Мөнх тэнгэр судлалын онол практикийн асуудлууд” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байгаа та нөхөддөө баяр талархал дэвшvvлж, эрvvл энх,аз жаргал, эрдэм номын тань ажилд амжилт хvсэе. өнгөрч байгаа бичин жилд гадаад дотоодын нэр нөлөө бvхий эрдэмтэн мэргэд хамтран зvтгэгчдийнхээ дэмжлэгтэйгээр доктор профессор Г.Гэрэлбаатар санаачлан “Мөнх тэнгэр судлалын дэлхийн Академи байгуулсан юм. Энэ академи нь Монгол болон монгол туургатан дэлхийн улс орнуудад шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажлыг хөгжvvлэх, эрдэмтэн судлаачдын хvч нөөцийг дайчлан ажиллах, өөрийнхөө vйл ажиллагаандаа мөнх тэнгэрийн номлол, сургаал тvvний оршихуйн зvй тогтол, чиг хандлагыг судлаж, хvн төрөлхтний хөгжил дэвшилтэй уялдуулан өвөрмөц хэлбэрээр хөгжvvлэх, монголчуудын мөнх тэнгэрээ дээдлэн, шvтэж амьдрах уламжлалыг сэргээн шинэ vедээ өвлvvлэн уламжлалт соёл, vндэс угсаагаа нандигнан хайрлах эх оронч нийгмийн сэтгэл зvйг буй болгон төлөвшvvлэх зорилго бvхий шинжлэх ухааны байгууллага юм.Vvнийг манай эрдэмтэн мэргэд халуун дотно дэмжиж байгаад нь талархаж байна.

Монгол газар дээр хvн буй болсон нь сая жилээр, нийгмээрээ амьдрах болсон нь V-VII зуу мянган жилээр тоологдож байдаг.Чухамхvv энэ vеэс Монголын нvvдлийн соёл иргэншил бvрэлдэн тогтож эхлэхэд бөө мөргөлийн vзэл санаа хамт бvрэлдэн тогтож яваандаа мөнх тэнгэрийн шашин болж, монгол хvн бvхнийг хөх мөнгөн тэнгэртэй холбож . мөнх тэнгэр монгол хvн бvхний амьд яваагийн утга учир хамгийн эрхэм дээд шvтээн нь болж ирсэн тvvхтэй билээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар айл өрх бvр өргөө гэрийнхээ хойморт залж сvсэглэн дээдэлж байгаа ” Монголын нууц товчоог” уншихад тvvний дотор Чингис хааны дотоод сэтгэлийн тэнхээ , гол хvч нь ” Мөнх хөх тэнгэртээ ” итгэдэг, шvтдэг гэдгээс эхлээд “Тэнгэр”, ” Мөнх тэнгэр”-тэй холбоотой олон асуудлууд нvдэнд тодхон тусдаг нь бахархмаар байдаг юм. Монгол бөөгийн шашинд орчлон ертөнцийг vзэх гурван гол vзэл байдаг.
1. Хатан дэлхий.
2. Хан тэнгэр,
3. Газар усны эздийн тухай ойлголт юм.
Vvнийг судлах талаар өрнө, Дорнын vе vеийн олон эрдэмтэн мэргэд оюун мэдлэгээ зориулж олон бvтээл туурвисан байдаг. Одоо ч судалгаа шинжилгээ vргэлжилсээр байна.
Монгол бөөгийн vзэлд мөнх тэнгэрийг ямар нэг хатуу буюу шингэн зvйл биш, хийн чанартай зvйл гэж vздэг тvгээмэл ойлголт буй болжээ. Хvн өдрийн цагт дагаж харсан шөнийн цагт манаж харсан тэнгэртээ хаягдахгvйн тулд тэрхvv тэнгэртээ хатуу итгэж, тvvнийгээ чин vнэнчээр шvтэж, хадгалж хамгаалж ирсэн байх юм.
Бөөгийн vзэлд харсан тэнгэр гэсэн ойлголт байдаг. Тэр нь хvнийг vргэлж дагаж, ажил vйлсийн нь биелэлтэнд байнга нөлөөлж, ирээдvйг нь урьдчилан харж туслаж байдаг гэж итгэн шvтэж биширдэг.
Харсан тэнгэр гэдэг vзлээсээ улбаалан Монголчуудын дунд эдийн тэнгэр, эцгийн тэнгэр, эхийн тэнгэр, эрийн тэнгэр.эхнэрийн тэнгэр гэх мэт ойлголт тvгээмэл дэлгэрсэн байдаг. Хэрэв тvvнийг зvй бус vйлдлээр гомдооход хvрвэл тvvний нарт ертөнцөд амьдрах хугацааг нь богиносгоход хvрнэ гэж vздэг. Ийм учраас харсан тэнгэр гэдгээ эрхэмлэн дээдэлж,” Мөнх хөх тэнгэр ” гэж хvндэтгэн дээдэлж, бишрэн зальбарч байдаг байх юм.
Одоо би мөнх тэнгэрийг бишрэн шvтдэг буриад бөөгийн ёс жаягаас товчхон хэдэн зvйлийг хэлэхийг хvсэж байна.
Буриад зон шарын шашин дэлгэрхээс өмнө бөө мөргөлтэй байсан. Энэ нь нэг хэсэгтээ хоригдоод одоо дахин сэргэж залуу зайран, удгад гарч ирж байх шиг байна. Буриад бөөгийн уншлага, дуудлага, хэллэгийн судар гэж байдаггvй байхаа би олж vзээгvй.
Тvvхээс vзвэл: Буриад бөө нар ихэвчлэн ардын аман зохиолын хэллэгийг ашиглаж орчноо таниж мэдсэн өөрийн бодол санаагаар ярьж хэлж бөөлдөг. Буриадын эртний эрдэмтэн мэргэд ялангуяа буриадын эрдэмтэн Дорж Банзаров “Монголчуудын харын шvтлэг ба бөөгийн шашин” гэдэг бvтээлдээ : Байгаль нуурын хойт биеэр нутагтай буриадын дунд бөөгийн шашны 99 тэнгэрийн тухай домог яриа хvчтэй дэлгэрсэн тухай өгvvлсэн байдаг.Буриадын бөө, удгад 99 тэнгэрт залибран биширдэг. Тэрхvv 99 тэнгэрийхээ 55-ыг нь барууны тэнгэр, 44-ийг нь зvvний тэнгэр гэдэг.
Барууны 55 тэнгэрийн 50-д нь залбирдаг. 5 -ыг нь тахидаг. Барууны тэнгэрээ таван хэсэгт хувааж vздэг.
Эхний хэсэг тэнгэрийг” Хилэн улаан тэнгэр” гэдэг. Тvvнийг духандаа одтой улаан зээрд морьтой, амьд амьтан бvхний амийг сахидаг, баруун хойт зvгт байрладаг агуу их хvчтэй тэнгэр гэж сэтгэдэг.
Хоёр дахь хэсэг тэнгэрийг “Цахилгаан цагаан тэнгэр” гэнэ. Тэр нь баруун өмнө зvгт байрладаг. Цахир цагаан морьтой, 77 шахартай (хурдан элч) 99 эхнэртэй, хvхvvртэй (дагуул ) юм гэдэг.
Гурав дахь хэсэг тэнгэрийг “Одон заяны тэнгэр” гэнэ.Тэр нь амьтан бvхний сахиус болж, орой дээр нь байрлаж байдаг гэнэ.
Дөрөв дэх хэсэг тэнгэрийг “Хөх манхан тэнгэр” гэнэ.Энэ нь хvн болон мал сvрэгт хишиг хайрладаг өглөгч тэнгэр гэнэ.
Тав дахь хэсэг тэнгэрийг” Заяач тэнгэр ” гэнэ.
Зvvний 44 тэнгэрийн 4О-ыг нь “Зальбарлын тэнгэр” гэнэ. 4-ыг нь” Тахилын тэнгэр” гэнэ. Тахилын тэнгэрийг мөн дөрөв хувааж vздэг.
Нэгдэхийг хоол ундааны хишиг өгдөг “Гvжир Гvнгэр тэнгэр” гэнэ.
Хоёр дахийг тарваган тахал болон элдэв халдварт өвчнөөс хамгаалдаг “Боом махаг тэнгэр” гэнэ.
Гурав дахийг морин эрдэнэ бэлгэлдэг “Атаа улаан тэнгэр” гэнэ.
Дөрөв дахь хэсэг тэнгэрийг эвэртэй малын хишиг хайрладаг “Тодил улаан тэнгэр” гэж мөнх тэнгэрийг хэсэглэн нэрлэж зальбиран биширч ирсэн уламжлалтай байх юм.
Эрэгтэй хvнийг бөө, эмэгтэй хvнийг удган болгодог тусгай сахиусад байдаг гэж vздэг. Тэр нь зvvн зvгт гадаад далайн нэгэн арал дээр байдаг Болингууд тэнгэр. Хан Хюура тэнгэрийн хөвгvvд, Халзан шарга морьтой ноён тэнгэр. Хvмvvсийг уран дархан, төмөрчин болгодог. Хар махан тэнгэр, тvvний нөхөд Төмөрч дархан ноён 99-н төмөрч дархчууд,тvvний 76 нь хөөргөч .vлирвэч (хавчиг хайч) алх, дөшний гэх зэрэг сахиусууд байдаг гэж vздэг.
Баруун, зvvн хоёр зvгийн vvд хаалгыг сахигчийг нь “Гарвал гэдэг газрын тэнгэр” гэнэ. Тvvний баруун нь гурван давхар хаалгатай бөгөөд тvvний харуул хамгаалагчдын эхний хаалгачдыг Цахир тэнгэрийн хөвгvvн толгойныхоо орой дээр ганц нvдтэй, доороо ганц хөлтэй, амандаа ганц соёотой,”Содхон ноён тэнгэр” гэнэ.
Дараачийн хаалгачийг “Шар улаан уулын эзэн, Хуандайн хөвгvvн Хуа Цолбон ноён тэнгэр” гэнэ.
Сvvлчийнхийг нь “Ухарын ноён тэнгэр” гэнэ.
Зvvн зvгийн ганц хаалганы ганц харуулыг хөх уулын эзэн, Хvаvсэй ноён тэнгэр гэнэ. Бас хvн зоныг элдэв халуун ханиад, өвчин эмгэгээс авран хамгаалдаг орон дэлхийн эзэд. бурхан гарвалууд олон байдаг гэж итгэдэг. Тэдний дунд баруун өмнө зvгийн цаст цагаан ууланд нутагтай, цагаан арслан хөлөгтэй, цагаан мөнгөн таягтай Цагай цагаан өвгөн зvvн өмнө зvгт нутагтай Шанд булгийн адагт байрладаг Эшэргэнээгийн гурван хөвгvvн Богднор, Тариаланч ноён, Талхач хатан байдаг гэнэ.
Бас хойт зvгт 13 өвөрлөгчид 44 ноёд бий гэнэ. Арын 13 ноёд нь Байгаль далайн Ойхон арал, тvvний өмнө, хойт эргийн уул, хад, ус голоор байрладаг тэнгэрийн хөвгvvд, тvvний ахлагч нь хан хурмаст тэнгэрийн хөвгvvн Хан Сот ноён, тvvний гэргий Хан Зулмут ноён , тvvний хотны сахиус , хашааны эзэн хан бөө ноён бvргэд шувуу болон хувилдаг Хан шувуу ноён, Ойхон уулын арын элгэн хаданд байрладаг vхлийн аюулыг сахигч бух толгойт vнэгний хөвгvvн Ажрай ноён, Энэ ертөнцийн хаадууд болон, Эрлиг номуун хааны албат ардыг нийлvvлэхгvй сахиж байдаг гал улаан сэлэм далайсан хуа цолбон Догшин ноён Баргатны эзэн-Бархан өндөр ууланд байрладаг Хажир цагаан ноён Бөөгийн амьтайн ( бөөгийн өмсгөл ) эзэн Агуй Буумал ноён, Доод ангарын эзэн Ам цагаан ноён, Эрхvvгийн эзэн Хан заргач ноён, нарийн Зулхын ноён эзэн Эрдэмт цагаан ноён, Байгаль далайн эхний Мундрага өндөр ууланд байрладаг бух ноён хэмээх 13 ноёдоос гадна тэдний хатад болон анд нөхөд олон байдаг гэнэ.
өмнө зvгийн 44 ноёдын нэр тодорхойгvй байдаг гэнэ. Мөн Мундрага ууланд тэнгэрийн охид өнөр эх Бууман Борогvинтойгоо 33 буумалууд бий гэж тэдгээрт итгэж биширдэг.
Буриад бөө нар урьд цагт нас барсан бөө, удганыхаа сvнсийг уул хад, ус гол, ой модны эзэд онгод чөтгөрvvд, болоод хvн амьтны заримд нь тус хvргэж, бас заримд нь гай гамшиг учруулж байдаг гэж vздэг.
Бөө нар зуун хөлт зул, зургаан хөлт тахил, доог, доог гэж байж тоо томшгvй олон зvйлийг хэлж бөөлдөг.
Буриад бөөгийн зэмсэг гэвэл :
Хоёр эвэртэй, угалзлуулан хийсэн төмөр малгайн хойно есөн цэнжvvргэтэй , цэнжvvргэ бvр нь vзvvртэй, тvvнийгээ (нугас) гэдэг. Малгайн дээд талд унжсан цэнжvvргийг “холбого” гэдэг. Төрөл бvрийн ангийн арьс, малын арьс, эрээн марян торго цэмбээр могой шиг юм хийгээд тvvндээ хэрэм, солонго, vен, өмхий хvрэнгийн арьс болон элдэв даавууны өөдөс өлгөдөг. Vvнийгээ “майхавч” гэж нэрлэдэг.
Хагас метр орчим өргөнтэй даавуунд ангийн арьсаар төрөл бvрийн могойн дvрс оёж, дээлийхээ зах дээр тохдог. Vvнийгээ далавч юм уу даль гэж нэрлэдэг. Ангийн сарьсан арьсыг хvзvvндээ зvvдэг. Уртаараа дээлийн хормойтой чацуу өргөнөөрөө өвчvvний хэмжээтэй даавуу юм уу сарьсан дээр 25 зэс цагариг оёж хормойд нь олон тооны бөлгөнvvр “хонх” уяж, тvvнийгээ “элгэвч” гэдэг.
өвдгөндөө гөрөөсний арьсаар хийсэн хvрэм углаж, хормойн ёроол нь цацагтай, улаан өнгийн дээл өмсөж, тvvнийгээ “хэвнэг” гэж нэрлэдэг. Хоёр тулгуур дээр дэлтэй морины толгой дууриалган хийж, дэл бvрд нь гурав гурван холбоо нэг цагариг хийгээд тvvнийгээ “морины дэл” гэдэг. Тулгуур бvхэнд нь морины сvvл гэж холбоо дэл хийнэ. Сvvлнээс дээш цагаригуудад жижигхэн төмрөөр дөрөө, сэлэм, жад, сvх, алх, завь, сэлvvр, тулгуур гэх мэтийг өлгөнө. Тvvний доод цагаригт Гурав гурван холбоо vлхэнэ. Энэ гурвыг “хөл” гэнэ. Хоёр тулгуур модыг “сорви” гэнэ.
Хуурай модоор ташуур хийж гутаарь загасны арьсан найман гөрлөө бvхий оосор хийж, тvvндээ нэгэн цэнжvvргэ хийж алх, сэлэм, жад мэт зvйлийг хийж, даавууны өөдсөөр чимээд “амьтайн ташуур” гэж нэрлэнэ. Бөөлж байх vедээ ташуураа барьдаг. Бөөгийн барьдаг хэсгийг тугалын арьсаар хийгээд, тvvнийгээ тойруулан бөлгөнvvр (хонх) зvvж, хоёр талд нь гурван цагаригтай цэнжvvргэ хийж, даавууны болон ангийн арьсыг могойн дvрсээр чимдэг.
Хэсээ цохидог модыг “Тойбор” гэдэг. Бөөгийн хvзvvнд зvvдэг толь, хонх, хадаг, могойн дvрс зэргийг “амьтай” гэнэ. Энэ бvхнийг бөөгийн хэрэгсэл гэж нэрлэдэг. Энэ бvхнийг цай юм уу архиар сэржимдээд гэрийн унинд өлгөнө.
Бөө хvний бөөлж байгаа мөчөд туслах зорилгоор 3-9 туслагчийг ажиллуулдаг. Тvvнийг “юсэнгvvд” гэдэг. Тэд нар нь сvзэгтэнгvvдтэй хамт суух ба тэдний дунд өндөр настай өвгөн эмгэн хоёрыг суулгаж, “эцэг”, “эх” хоёр гэж нэрлэдэг. Тэдний дэргэд гал асаах зуух хийж ширэм тогоонд арц, ая ганга, модны холтос хийж буцалгадаг. Асаасан галдаа 12 хар , 12 цагаан чулуу хийж улайсгадаг.
Шинээр бөө болох vйлдэл буриадын бөө мөргөлд чухал байр эзэлдэг.
Бөө болох хvсэлтэй хvмvvс нэр хvндтэй ахмад бөөдөө бөө болгохыг хvсэж гуйдаг. Хэрэв бөө болохыг зөвшөөрвөл эхнийхээ “Шар нар” бvтээх ёслолд бэлтгэдэг. Vvний тулд уртаараа хоёр метр орчим гурван ес - хорин долоон ижилхэн навч, мөчиртэй хус мод авч ирж гэрээсээ урагш нь ес есөөр нь суулгадаг. Тэр хусныхаа арыг нь “Эх шар мод” нэрлээд оройд нь элдэв торгомсог даавууны өөдсөөр шувууны vvр засаж, дотор нь хөвөнгөөр юм уу хонины ноосоор есөн өндөг хийж тавидаг. Тэгээд дугариг эсгий дээр цагаан хоргой торго нааж, сар хийгээд өлгөдөг. Тvvний доор хусныхаа дөрвөн зvгт газраас дээш хоёр алд шахам хусаар хийсэн шаантаг шаагаад тvvнийгээ “Загалмай” гэж нэрлэдэг.
Урд талын том хусыг “эцэг мод” гэдэг. Орой дээр нь vйсэн (хусны хальс) дээр улаан хоргой торго наагаад тvvнийгээ “Нар” гэдэг. Суулгасан 27 хусныхаа эхний гуравд бvтэн чандганы арьс, дараачийн гурвад бор гөрөөсний толгойн арьс гурав дахь гуравд солонгын бvтэн арьс дөрөв дэхь гуравд vенгийн бvтэн арьс , тав дахь гуравд хусаар хийсэн жижигхэн тармуулыг улаан чулуугаар өнгөлөөд “Бардаг” гэж нэрлээд өлгөдөг. Зургаа дахь гурван модонд нь нэг эвхсэн долоон жижиг vйсийг хонины ноосоор ээрсэн утсанд өлгөдөг. Тэгээд тэдний завсараар өрөм тос хавчуулаад тvvнийгээ “Дагтай” гэж нэрлэдэг. Эцсийн гурван модонд зvссэн өнгө өнгийн миткаль уяж бvгдийг нь “Эх цагаан шанар” гэж нэрлэдэг. Баруун талд нь тvрvvчийнхээ ижлээр нэг жигдхэн есөн мод суулгадаг. Эхнийхэд нь битvvгээр өвчсөн чандганы арьс, дараачийхад нь битvvгээр өвчсөн хэрэмний арьс, гурав дахид нь булганы арьс, тав дахид нь шилvvсний арьсны өөдөс өлгөх ба бусад дөрвөн модонд нь элдэв өнгийн хоргой торгоны өөдөс, уяаад тvvнийгээ “Бурхан гарвалын шанар” гэж нэрлэнэ.
“Эхийн цагаан шанар”-ын зvvн талд гурав гурван есөн модыг vндэстэй нь авч ирээд тvvний навч, мөчрийг нь нар буруу мушгиж зvvн зvг руу хандуулан суулгаад эхнийхэд нь өмхий хvрэнгийн арьс, дараачийхад нь хар гөрөөсний арьсны өөдөс, тvvний дараачихад хар хөх өөдөс уяад “Хамниган гурвалын шанар” гэж нэрлэдэг.
“Эх цагаан ба буцрхан гарвалын Шанаруудын” хойт талын тэг дунд дөрвөн хус дөрвөлжлөн суулгаж, тvvний дунд хоёр төө орчим дөрвөн урт гадас шааж тvvн дээр хавтгай модоор ширээ хийж, дөрвөн модондоо чандга, хэрэм, солонго, vенгийн арьс уяж эдгээрийг “Бөөгийн амьтайн ариутгалын индэр” гэж нэрлэдэг.
Vvний дараа бас л дөрвөн хусыг дөрвөлжлөн суулгаж тэдэндээ чандага хэрэмний арьс уяж, угт нь хоёр бөөрөнхий модон дээр хавтгай мод дэвсэж тvvнийгээ “Шинэ бөөг ариутгах индэр” гэж нэрлэнэ. Эх модны хойт талаас гэр руугаа долоон хус суулгаж, гэрийнхээ дөрвөн талд дөрвөн мод хатгаж vзvvрт нь дэгнvvл хийж дээр нь арц, ганга уугиулна. Энэ нь шат болно.
Гэрийн дотор талд өндөр ширээ засаж дээр нь 9 цөгцөнд зул хийж есөн модон аягыг зулын дундуур тавиад архи, сvv, хар ба сvvтэй цай дvvргэдэг. Тэдгээрийн ар талд хусан таваг дотор ааруул, өрөм, тос хийнэ. Тvvнийхээ ойролцоо хилэн цэмбэ ч юм уу алчуур хадаг зэргийг өлгөж, тvvнийгээ “Хавчуулга” гэж нэрлэнэ.
Гэрийн тооноор нэг бvдvvвтэр vзvvрийг нь галын дээр тавиад торгон даавууны өртсөөр чимээд тvvнийгээ “Тvсэргэ” гэж нэрлэнэ. Ийм бэлтгэл хийснийхээ дараа Их бөөгөө залан авч ирнэ. Шанар хийхийнхээ өмнө Их бөөгийхөө малгайн залаанд Шанар хийлгэж байгаа хvнийхээ эх, эцэг болон төрөл садны хvмvvс, юсэнгvvд, ирсэн бөө удгануудыг хvндэтгэн дөрвөн өнгийн даавуу юм уу хадгаар уяад зул бадраана. Тэхээр Их бөө толио хөзvvндээ зvvж , ташуураа барина.
Есжингvvдийн ахлагч нь өөрийхөө өмсгөл (амитай) өмсөнө. Бусад нь бага амитайгаа өмсөөд өөр өөрийнхөө хэс барь зогсоно. Тэгээд тэнгэрээс уг гарвалаа дуудаж, бvгдээрээ бөөлнө. Vvнийг “Их Шанарын зулуудын бадралга” гэнэ.Бөөлөхөө тvр зогсож, гэрийн өрхөөр архи, цай, сvv өргөж бvгдээрээ амсаад гадагш гарна. Тэхээр нь гэрийн хойморт гудас дэвсэж, Шанарын эх ирсэн бөө, удган, юсөнгvvд бусад хvмvvсийг суулгана. өмнө нь ширээн дээр тавагтай идээ, архи, цай зэргийг тавина. Их бөө болон шанар хийлгэж байгаа бөө, болон бусад бөө удган юсэнгvvдтэй буцаж ирээд нvvрээрээ шанар руу хараад сvv, архи, цай өргөөд бөөлнө. Бөөлж дуусаад тvлсэн гал дотроос гурван цагаан чулуу авч буцалсан цэвэр усанд хийгээд амитайгаа ариутгаж индэр дээр тавина. Тvvгээрээ амитай сvршинэ, бөөлөлднө.Vлдсэн есөн чулууг устай тогоон дотроос аваад ариутгалын индэр дээр тавина. Тvvнийгээ Их бөө Шанар хийлгэж байгаа хvн, бусад бөө удгад ээлжлэн угаалга хийгээд бөөлөлдөнө. Тvvний дараа эх эцэг болон бусад хvмvvс юсэнгvvд угаалга хийнэ. Vvнийгээ “Эх цагаан Шанарын ихийн угаал” юм уу “рашаан” гэнэ.
Энэ vед цагаан зvсмийн ямаа алж. Цусаар нь Эх модны доор байгаа загалмайг будна. Ямааныхаа махыг эвдэлгvй бvхлээр нь гэдэс дотортой нь хамт чанаж цугларсан бvх хvн иднэ. Шанар хийлгэж байгаа хvндээ бөөгийн өмсгөл (амитай) өмсгөнө. Толь зvvлгэж таяг хон, ташуур бариулна. Их бөө өөрийн хөтөлбөрөөр тvvнийг бөөлvvлж сургана. Юсэнгvvд хэсээ цохино. Бусад бөө удгад даган дуурайж бөөлнө.
Тэр vед Шанар хийлгэж бөө болж байгаа хvн дэвхэрч, цовхорч vсрэн харайж урагш, хойшоо гvйж, унаж, дусаж Шанарын мод тойрч модон шат гишгvvр дээр гарч эргэж бууна. Нар зөв гэрээ тойрно. Юсэнгvvд тvvнийг дагаж гvйлдэнэ.
Ингэж өдөржин шөнөжин унталгvй бөөлөлдөнө. Маргааш нь бас л бөөлөлдөнө. Тарган хонь алж махыг нь бvхлээр нь болгоод өргөлийн тавцан дээр тавина.
“Уг гарвалдаа төөлэй шаруусан төөлэй vргэживди” гэж байж бөөлөлдөнө. Тэгээд махаа идээд гадагш гарна.
Бөөлөлөг, ариутгалын угаалга хийхдээ тvрvvчийн өдрvvдтэйгээ ижил vйлднэ. Vvнийг “vдэлтийн шөнө” гэнэ. Дараачийн шөнө урьдахтайгаа адил бөөлөлднө. Нар гарч байх vед “Бид Шанараа тараалаа” гэж бөөлөлднө. Энэ vед Шанарын хажууд мах, сvv, архи идээ будаа тавина. Тvvнийгээ тойрон зэргэцэн суухад нь Их бөө толиныхоо уяаг тайлж эх, эцэг юсэнгvvдэд ээлжлэн бариулхаар нэг бөлбөгнvvр хонх өгнө. Тэр бөлбөгөнvvр гар дамжин буцаж ирэхэд нь Их бөө бөөлж ирэв татан толио далайж эрчигийдvvлэн хаяна. Бусад нь суурин дээрээ сууж “Бид уг гарвалаад өөрсөн сvнсvvдээ дуудан авч ирлээ” гэж дуу гаран найрлана.
Их бөөгөө гэрт нь хvргэхдээ өөрийн нь амитай, өлгөсөн хавчуулга, болон хонины мах хадаг цай, амьд хонь дvvрэг хэмээн бэлэглэдэг. Ирсэн бөө, удган, юсэнгvvдэд эх эцэг нарт бэлэг барина.
Сая бөө болсон хvн маань бас шинээр бөө болох хvмvvсийн Шанар хийж эхэлдэг. Сарын 29-нд амитай ариутгалга хийж өөрөө оролцон бөөлж, дэвхэрч, цовхорч, гvйж харайж онгодоо оруулдаг. Гурван жил болсоны дараа өнөөх шинэ бөө тvрvvчийн ижлээр Шанар хийж зургаан жил өнгөрсөний дараа Их бөөгийн амитай шинээр хийлгэж шинэ өмсгөл хэрэглэдэг уламжлалтай байсан юм даа.
Энэ бvхнээс vзвэл монголчуудын мөнх тэнгэрийн тухай ойлголт бол хөх мөнгөн тэнгэр гэсэн жирийн тэнгэр шvтэлгэнээс огт өөр Тэнгэр газрын чанадад орших мөнх тэнгэрийн тухай ойлголт болох нь ажиглагдаж байна. Одоо vед өрнө, Дорнын эрдэмтэн мэргэд Мөнх тэнгэрийн vзэл, номлолд анхаарлаа хандуулж, шашин, философи, ёс зvй, нийгэм улс төрийн vзлийн vvднээс судалгаа, шинжилгээ өргөн хэмжээтэй хийх боллоо.
Бид ч тvvнд хувь нэмрээ хvртээх учиртай.
Доктор, профессор Р.Рэгзэндорж

No comments:

Post a Comment