зар

Friday, January 4, 2013

Багшаа дуулъя

 Үг. Ж. Бадраа
Ая. Ш. Эрдэнэбат
Оньсыг нь тайлан эрдмийн үүдийг нээж өгч та
Оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч та
Оройд дээдлэм ардын багш таны
Ойд шингээсэн баатар сүрийг магтья
Үнэнийг айлдан учрын чагт нээж өгч та
Үзлийг суурилан учгийн гох зааж өгч та
Үнэхээр хайрлам ардын багш таны
Үүрд гайхуулам сайхан алдрыг магтья

Дэвшлийг ойлгох хүчний хөл нээж өгч та
Дэлхийг нийтлэх хүний хэл зааж өгч та
Дэгжлээр дүүлсэн ардын багш танаа
Дээш бадраасан үйлст ачийг магтья
Ардын уран зохиолч Ш. Сүрэнжав

Багш /найраглал/
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд
Захиас бэлэг өгдөг гэж
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би
Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин барьвал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэн дайсанд шүүгч
Хийдийн лам нарт аянга
Нийтийн соёлд уянга
"Цэнд комиссар", "Хөхөө"-д тоглоод
Цэцэглэж явсан нас тэднийх
"Хүмүүн төрөлхтөн", "Задгай цагааны" аянд
Хөл нийлсэн бүжиг тэднийх
Хуучин бүдүүлгийг хална гээд
Зүтгэж явсан үе, тэднийх
Хувьсгалт соёлыг дэлгэрүүлнэ гээд
Шамдаж явсан цаг, тэднийх
Эгшигт хайрцгийн пянзан дээр
Ичинхорлоог дуулуулж байсан юм
Цэрэн хүүхний намтар туужийг
Цэндийн хүүтэй бичилцэж явсан юм.
Агаар буданг нэвтлэн гийгүүлсэн
Багшийн сургуулийг дуудуулж явсан юм
Арван жилийн нэгдүгээр сургуульд
Сурагч Ганбатыг элсүүлж байсан юм
Дайны жил их сургуулийн
Анхны довжоог ивэлцэж явсан юм
Даяарт алдартай шилэн оройд нь
Алтан нарыг залалцаж явсан юм
Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй
Тэнгэр баганадсан Алтайн
Хавцал бүхэн танина
Тэлмэн цэнхэр Хөвсгөлийн
Долгион бүхэн танина
Галбын шаргал манхнууд
Гандирасын зэрэглээндээ тольдоно
Атас Чингисийн нуруу
Аргамаг хулантайгаа тосно
Бор Цонжийн говийн
Болжмор царцаа шаргина
Боргио мөнгөн Орхоны
Босоо хүрхрээ шаагина
Халхын таван өндөр
Харуулдан байж саравчилна
Хан Хэнтийн оргил
Гялбалзан байж өндөлзөнө
Буйрын цэнхэр долгио
Бодол дунд долгилно
Хайрын мянган үгсийг
Хайлан байж торолзоно
Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй
Ахмад үеийн багш нарт
Ороогүй айл гэж үгүй
Хөгшин хөвөө ялгаагүй
Бичиг үсэгт сургаж
Хөдөөгийн уул талаар
Билгийн номыг дэлгэж
Ангайлгаж барьсан хайч шиг
"А" үсгийг сарайлгахад нь
Ацаг шүдий нь зөвтгөж
Арга номд нь оруулсан
Бээрч гүйцсэн гар шиг
"Б" үсгийг муруйлгахад нь
Бэх үзгий нь засаж
Билиг оюун заасан
Өгүүлбэр зүйгээс
Үндэсний соёлд дэвшүүлж
Үржүүлэхийн хүрднээс
Үнэмлэхүй тоололд хүргэж
Түмэн бодис, хувилахуйн ухаан
Түүх, газар зүй, амьтан судлал
Заагаагүй юм гэж багшид үгүй
Заалгаагүй сурагч гэж хаана ч үгүй
Балчир оюуныг нээгдүүлж
Нүд оруулсан шидтэн
Бартаат замыг танилуж
Гэгээ харвуулсан ачтан
Холын далайд зорьсон
Горхи бүхний эх билээ
Хорюоод ургах цэцэгсийн
Гойд үржилт хөрс нь билээ
Бөмбөрцөг дэлхий арвин ч
Бидний оюунд багтсан
Сургуулийн гэгээн цонхоор
Бүхий л ертөнцийг харсан
Зүс үзээгүй найзтайгаа
Энд бид танилцсан
Зүрх сэтгэлээ нээлцэж
Эрдмийн тэнгист сэлсэн
Дүнгийн дэвтрээ нээхэд
Ангийн багш минь санагдана
Дүүрэн ярайсан тооноос
Сургуулийн жил минь ургана
Шинэ үеийн багш нарт
Шимтэхгүй эрдэм гэж байхгүй
Шинэ үеийн багш нарт
Шамдахгүй цаг гэж байхгүй
Орчин үеийн мэдлэгээр
Оюунаа ямагт тордоно
Одонд хүрсэн хөгжлөөс
Ой ухаанаа тольдоно
Антарктид зорчих хайгуулчийг
Энэ л багш нар тодруулсан
Атом цөмийн шинжээчийг
Энэ л багш нар төрүүлсэн
Сансрын баатар нисэгчид
Анхны номыг нь заасан
Сар нартай дэлхийгээ
Газраас эхэлж тольдуулсан
Шинэ үеийн багш нарт
Судлаагүй ухаан гэж үгүй
Эрдэнэтийн зэс, Хөтөлийн цемент
Эрчим хүчний ундраа эднийх
Фосфоритын орд, цагаан тугалга
Болрын уурхайн нөөц эднийх
Бугантын алт, Дугантын хад
Бор Өндрийн жонш эднийх
Булгын аж ахуй, заарт харх
Бутны хармагийн дарс эднийх
Эдийн засаг, бараа судлал
Инженерийн ухаан, барилгын зураг
Инжинашийн роман, Нацагдоржийн найраг
Эх хэлний судалгаа эднийх
Орчин цагийн мэдлэг бүхний
Оньсон хүрдийг эд эзэмшсэн юм.
Одны шинжээч, туйлын судлаач
Оюуны мэргэдийг эд төрүүлсэн юм.
Төгсөлт бүхний ширээн дээрээс
"Арав дахь хаврыг" дуулуулж байгаа юм
Төгөлдөр номын хуудсан дундаас
Алдрын одыг гялбуулж байгаа юм
Жил бүрийн ногоо адил
Хавар болгон залуусыг тодруулна.
Намар бүрийн ургац адил
Билгийн тариа эднээс ургуулна
Өргөн Сэлэнгийн хөвөөгөөр
Холыг зорьсон залуус
Өртөө замыг дайран
Галт тэргээр довтлохдоо
Багш, сургууль хоёроо
Дурсан дурсан дуулна.
Байгаль мөрний долгион дээр
Сэтгэл юугаа сийлнэ
Эрдмийн олон шавь нар нь
Эрдэнэсийг бүтээх үйлчин юм.
Ардын олон багш нар минь
Авьяасыг тордох тариаланч юм
Гэрэлт эрдмийн тэнгэр
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч
Багш гэж дуудахад
Ардын үрсийн оюунд
Түмэн цэцэгс дэлгэрнэ.
Багш гэж нэрлэхэд
Алаг зүрхний гүнд
Төгөлдөр баяр оргилно
Түмэн багшийн
Буман шавь нар
Түүхт орныхоо
Булан бүрд шамдана.
Түмэн багшийн
Буман шавь нар
Түргэлэх хөгжлийн
булаг бүхнийг тэтгэнэ.
Уран гартай инженер
Дуран хараатай эрдэмтэн
Үхлийг буцаадаг эмч
Үзлийг хамгаалдаг элч
Мэргэжилтэн бүхнийг та төрүүлсэн
Мэдлэгийн уурхайг та нээсэн
Жор найруулагчаас
Зохиолчийг хүртэл
Та төрүүлсэн
Жолоочоос
Жолоодогчийг хүртэл
Та төрүүлсэн
Хувьсгалт шинэ соёлын
Гэгээн нарны цацраг
Хувьтай өнөөдрийн үрсийн
Гэрэлт оюуны тайлбар
Багш та
Алган дээр
Од тавьдаг шидтэн
Багш та
Амьдралд оч харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг
Далайд үзээд
Байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж
Даяныг тэтгээд
Хариу нэхдэггүй өглөгч юм та.

No comments:

Post a Comment