зар

Friday, May 4, 2012

Д.БЯМБАДОРЖ БОЛ МӨНХ ТЭНГЭРИЙН УЛААЧ, МОНГОЛ ТӨРИЙН ИХ ЗАЙРАН МӨН


    Их Монгол улсын үед Мэнлиг эцгийн долоон хөвгүүний дундах нь Тэв тэнгэр цолтой Хөгчүү хэмээх их бөө байж, ид шид нь гайхагдаж, тэнгэрийн бөө хэмээн алдаршиж, түүх шастирт тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ.
   Тэгвэл өнөө цагт Дондог жаажаагийн долоо дахь хүү Бямбадорж гуай зайран цол хүртэж, төрийн бөө хэмээн хүндлэгдэж, хөх мөнх тэнгэрийн хэлмэрч улаач болж, зон олондоо тус буян хүргэж явааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
   Зайран Бямбадорж Ховд аймгийн Дарви суманд Баясгалантын хөндий могой чуулган цагаан хаданд мэндэлж, баруун их Алтай, буурал өндөр Сутайн сүр хүчинд ивээгдэж, бага залуугаас бөөгийн ухаанд боловсорч, цагийн сайхан ирэхэд цаглашгүй их эрдэм нь тодорч, мөнх тэнгэрийн хүчинд ивээгдэн, монгол төрийн зайран болсон түүхтэй билээ. Тэрээр:
         “Аавын угийг сэргээж явна
          Ачлал тусыг олонд хүргэнэ
          Бөөгийн удмыг сэргээж явна
          Бүхий л хүмүүст тусыг хүргэнэ” хэмээн “Бөөгийн андгай”-даа өгүүлсэн нь буй.
   Бөөгийн гаралтай, бөх удамтай, олхонууд овгийн энэ их зайрангийн монголын бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашны уламжлалыг сэргээж, хойч үедээ өвлүүлж яваа эрхэм үйлсийг энд товчлон өгүүлвээс ийм болой.
Нэг. ТЭНГЭРИЙН БӨӨ
   Буддын шашны лам нар зэрэг дэвийн ялгаатай байдгийн адил бөө удган нар бас дотроо тодорхой ялгагддаг. Эрдэмтэн О.Пүрэв багш “Монгол бөөгийн шашин” номдоо хар, цагаан, шар зэргийн бөө удган нарын төрөл ангийг тодорхой гаргасан байдаг билээ.
   Зайран Бямбадорж бол шарын шашны нөлөөгүй, цэвэр монгол уламжлалаа барьсан тул харын зүгийн зайран болох ба дээд мөнх тэнгэр хийгээд 55 цагаан тэнгэртэй голлон харьцаж, сайн үйлийг дээдлэн эрхэмлэх тул цагаан зүгийн зайран болох юм.
   Эрдэмтэн доктор О.Пүрэв багш Бямбадорж зайран бол Ванчиндорж çайрангийн онгодыг эртний харын бөөгийн ёсоор өвлөж авсан цөөхөн бөө удган нарын нэг болохыг өөрийн бүтээлдээ зориуд тэмдэглэсэн байдаг.
   Их Монгол улсын үеэс сүнс онгодоос илүү тэнгэр нартай голлон харьцаж байдаг бөө нарыг тэнгэрийн бөө хэмээн нэрлэдэг уламжлал буй. Чингис хааны үеийн Хөгчүү хэмээх Тэв тэнгэр бөө болвоос мөнх тэнгэртэй харилцаж, тэнгэрийн их зайрангийн эрх ямбыг эдэлж явсан төрийн их бөөнүүдийн нэг байлаа.
    Онгод тэнгэрийн уншлага дуудлагыг зохиож, мөнх тэнгэртэй харилцах төрийн их ёслолыг эрхлэн явуулдаг Д.Бямбадорж зайранг бид тэнгэрийн бөө хэмээн сүсэглэж явдгийн учир үүнд байгаа юм.  Тэнгэрийн их бөөгийн эртнээс уламжлагдсан ёс, энэ төрд мэдэх ёстой зүйлүүдийн талаар товч өгүүлсү.
Монголын язгуур шүтлэг бишрэл бол бөө мөргөл юм.
   Хэдэн мянган жилийн өмнөөс Монголчууд бөө мөргөлийн шүтээнтэй байсан тухай археологийн болон бичгийн мэдээ баримт бидэнд олноор олдсоор байна.
   Тийнхүү бөө мөргөлийг нягтлан судалж үзвээс байгаль дэлхийгээ хайрлах, сүр хүчинд нь бишрэх, эцэг дээдсээ хүндлэх, сүнс онгодтой нь харилцах явдал бол бөө мөргөлийн хамгийн чухал эрхэм ёсон нь болох ажээ.
   Монголчууд бөө мөргөлтэй байсны улмаас байгаль дэлхий нь онгон дархан, байлдаан тулаанд эрэлхэг баатар, хүн ард нь хүмүүнлэг энэрэнгүй, хөгжил дэвшлийн өөдрөг сэтгэлгээтэй байлаа гэж эрдэмтэн судлаачид үздэг.
   Бөө удган нар шашны утгаараа сүнс онгод, тэнгэр газар, янз бүрийн эзэд сахиустай харилцаж, гай барцадыг ид шидийн хүчээр хөөн зайлуулдаг хэмээн үздэг бол нөгөө талдаа маш нарийн сэтгэл зүйн асуудлыг хөндөн тавьсан байдаг.
  Өнөөдөр шинжлэх ухаан хичнээн өндөр төвшинд хүрсэн ч гэсэн сэтгэл зүйн төвөгтэй асуудлуудад олигтой хариулт өгч чадахгүй хэвээр байна. Жишээлбэл, айдас түгшүүр, өшөө хорсол, үзэн ядалт, хайр сэтгэл, энэрэнгүй мөр, буянлаг үйл гэх мэт.
  Тэгвэл монголын бөө удган нар олон мянган жилийн турш амьдрал, практик дээр хүний сэтгэл санааны янз бүрийн өөрчлөлттэй харилцаж баялаг туршлагыг хуримтлуулж, амжилттай анагаан засаж иржээ.
  Үүнээс үүдэн бөө мөргөл эдүгээ хүртэл оршин тогтнож, шинэ цагийн эрхээр дахин сэргэж буй бөгөөд энэ нь Бямбадорж зайран зэргийн чин сэтгэлт бөө удган нарын хүчин зүтгэлийн ач тус билээ.
  Монгол бөө мөргөлийн бас нэгэн онцлог шинж гэвэл ёс зүйн хувьд энэрэнгүй, буянлаг, бусдын сайн сайхны төлөө гэсэн үзэл үндэс нь болдогт оршмой.
Бөө удган нар хэзээ ч хар муу санаж, гаж буруу үйл хийж болдоггүй, чингэвээс бага болбоос онгод нь баалж, их болбоос тэнгэр нь шийтгэдэг ажээ. Иймээс өөрийн тахил шүтээн, сүнс онгод, харсан тэнгэртэй бөө удган нар дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, юу дуртайгаа хийж явдаг улс биш бөгөөд харин онгод тэнгэрийн өмнө үүрэг хариуцлага хүлээсэн сайн үйлийн элч төлөөлөгчид юм.
Тийм ч учраас Бямбадорж зайрангийн уншлага дуудлагад:
“Төр улсыг минь төвшин болгож хайрла
Түмэн олныг минь амгалан болгож хайрла
Ган зудыг зайлуулж хайрла
Гал түймрийг унтрааж хайрла
Гарзын үүдийг хааж хайрла
Адуу малыг минь арвин болгож хайрла
Арвай тариаг минь элбэг болгож хайрла
Хэл амыг дарж хайрла
Хэрэг төвгийг багасгаж хайрла
Хулгай мөрийг дарж хайрла
Хуулийн үнэнийг мэдүүлж хайрла
Их засгийг дээдэлж хайрла
Эрдэм номыг түгээж хайрла
Хамаг олныг нэгтгэж хайрла
Хаан төртэй болгож хайрла
Ардчиллын үйлст ачаа үзүүлж хайрла
Ард түмний хэрэгт хүчээ үзүүлж хайрла
Хагарал бутралыг хага дарж хайрла
Хараал жатгыг бут дарж хайрла
Хар сүлдээ хамгаалж хайрла
Хамаг монголоо нэгтгэж хайрла
Цагаан сүлдээ дээдэлж хайрла
Цаг төрийг төвшитгөж хайрла
Өр авлагыг барагдуулж хайрла
Өвчин зовлонгоос салгаж хайрла
Энэ биеийг эрүүл болгож хайрла
Эмгэг хуучаас салгаж хайрла
Нандин шүтээндээ хэлж, нас буянаа даатгая
Онгон шүтээндээ хэлж, олз юугаа даатгая
Хэлсэн ярьсныг хэрэг болгож хайрла
Хийсэн ажлыг хэвийн болгож хайрла
Бодсон бүгдийг бүтээдэг
Бор домынхоо ид шидийг хайрла.
Харсан болгоныг бүтээдэг
Хар домынхоо ид шидийг хайрла
Шоог шоог шоог
Хурай хурай хурай” /Д.Бямбадорж “Тэнгэрийн овооны даатгал” хэмээн  äаатгадаг байна.
Бөө удган нарын энэ дамлага дуудлагаас харахад хүн ардынхаа сайн сайхныг мөнх тэнгэрээсээ хүсэн гуйж, бодит ертөнцийн амьдралыг баяр жаргалтай болгоход чиглэгдэж байдаг. Энэ бол монгол бөө мөргөлийн бусад шашнаас ялгарах хамгийн гол онцлог нь болно.
Жишээлбэл: XVI зуунаас манай оронд дэлгэрсэн шарын шашин гэхэд  энэ төрлийн амьдралаа урьд нь хийсэн үйлийн үрээ амсаж буй зовлон хэмээн үзэж, очиж чадвал диваажинд л жаргал байна хэмээн номлодог.
Энэ мэтээр бөө лам нар тэрсэлдэж олон зуун жил болсон түүхтэй бөлгөө. Шарын шашин монголын нийгмийн дээд давхарганд хүч нөлөөгөө авч, тэдний дэмжлэгтэйгээр Монгол төрийн хууль цаазанд өөрийн эрх ашгийг хамгаалуулсан зүйл заалтыг олноор оруулж áàòëóóëæ ÷àäñàí áàéäàã
Тухайлбал: “Цааз эрхэмжийн бичиг”, “Ойрд цааз”, “Халх журам”, “Их хэв”, “Хууль зүйлийн бичиг” зэрэг XVI-XX зууны Монголын нийгмийн харилцааг зохицуулж байсан гол гол эрх зүйн бичигт бөө мөргөлийг хүчээр хорьж, шарын шашныг хөхүүлэн дэмжсэн тусгай бүлэг, зүйл ангиуд буй билээ. Тэрнээс биш бөө мөргөл “нийгмийн харилцаанд тохирохоо больсон” зүйл огт байхгүй юм. Зөвхөн тухайн үед Монголыг колоничилж улс төр, шашин, соёлынхоо нөлөөнд оруулах гэсэн гадаад улс орны бодлогын гайгаар хүч нөлөө нь ихээхэн суларчээ.
Тухайн үеийг бүү хэл өнөөдрийн шинэ эрин, шинэ мянганд ч гэсэн бөө мөргөл Монголын ард түмний оюуны эрэлт хэрэгцээнд тохирч, сэтгэлийн их хүч дэм болсоор байна.
Зайран Бямбадорж “Хааны сүнс” хэмээх дуудлагадаа:
“Хааны сүнс ирээд
Хаана залрахаа харна
Цөхрөн хүлээсэн монголдоо
Цөөхөн хугацаанд саатна
Автай сайн хааны өргөөнд
Амраад явна гэхлээр
Будда шашнаа залсан болохоор
Буцаад яваад өгнө
Тэнгэрийн шүтээнээ дээдлээгүй
Тэд нартай юу ярих вэ” гэж халагласан нь Монголын уламжлалт их соёл бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашин ямар их үгүйлэгдэж, сэргээн мандуулах нь цаг төрийн тулгамдсан асуудал болохыг онцолсон явдал болой.
Эх орноо хамгаалж, сэргээн мандуулахын төлөө халуун сэтгэл нь оргилж, онгод тэнгэртээ үргэлж даатган явдаг хүмүүс бол бөө удган нар юм. Зайран Бямбадорж гуайн дуудлагад:
“Төө биеэ түмэндээ зориулъя
Төрсөн биеэ олондоо зориулъя”
“Хадаг яндартай овоо олон ч
Хар сүлдтэй овоо ганцхан
Харийн хүн дагуулж бүү гар
Харь хэлээр бүү ярь”
“Арын 13 овоотонгууд
Өврийн 49 хошуутангууд
Хаадын удмын харуултангууд
Хамаг монголын эзэнтэнгүүд”
“Хар сүлдээ хамгаалж хайрла
Хамаг монголоо нэгтгэж хайрла” гэх зэрэг эх оронч сэтгэлгээ бадаг болгонд тааралдаж, зөвхөн өөрөө төдийгүй, сүсэгтэн олныхоо урмыг сэргээж, зоригийг нь хөвчилдөг. Тийм ээ, Монголчууд бөө мөргөлөө шүтэж байсан цагт харийн дайсанд эзлэгдэх байтугай, хавь ойрын улс гүрнээ ч харж хамгаалан, харин одоогийн хэллэгээр олон улсын энхийг сахиулж явлаа.
Зөвхөн шарын шашин гүнзгий дэлгэрсэн XVII зуунаас л тусгаар тогтнолоо алдаж, манжийн дарлалд орсон түүхтэй билээ.
Хоёр. МӨНХ ТЭНГЭРИЙН УЛААЧ
Зайран Бямбадорж бөөгийн андгайгаа:
“Мөнх тэнгэр эцэг тандаа
Мөргөн сөхөрч андгайлъя
Тоостын хорвоод таны үгийг
Тогтоож сайн дамжуулъя” хэмээн эхлүүлдэг нь “Монголын нууц товчоо”-д “зайран нүдэнд үзүүлж, над дор заамой” гэж Хорчийн хэлсэнтэй утга дүйдэг.
Эртнээс нааш бөө удган нарыг онгод тэнгэрийн улаач хэмээн хэлж ярьж ирсэн ёс нь энэ билээ. Зайран Бямбадоржийн уншиж буй тамлага дуудлага, хийж буй зан үйлүүд, харилцаж буй онгод тэнгэрүүдийг ажиглан судалж үзэхэд, Их Монгол улсын мөнх тэнгэрийн шашны ул мөр, удам судрыг тээж  яваа тэнгэрийн их зайран болох нь харагддаг.
Бидний шашин судлалын талаар хийж буй судалгаа, түүний үр дүнд тулгуурлаж үзэхэд, Чингис хаан Их Монгол улсыг байгуулахын зэрэгцээ эртний уламжлалт бөө мөргөлдөө өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийж, дэлхийн төвшинд хүрсэн мөнх тэнгэрийн шашныг үндэслэн байгуулсан билээ.
Энгийн ойлгомжтой үгээр товч тайлбарлахад, XIII зуун хүртэл Монголын бөө удган нар харилцаж буй шүтээн болох онгод тэнгэр, шашны зан үйлийн талаар нэгдсэн ойлголт хараахан бүрэлдэж чадаагүй, овог аймаг, орон нутгийн шинжтэй, эртний байгалийн шашин хэвээр байлаа.
Монголчууд улс төрийн хувьд нэгдэж, нэгдмэл нэг үндэстэн болон бүрэлдэн тогтохын хирээр итгэл үнэмшил, үзэл ухамсрын хувьд нэгдмэл байх явдал нэн шаардлагатай болж, энэ нь шашны сэтгэлгээн дээр биелэлээ олсон юм. Тухайн үед ямар улс төрийн нам, философийн талаар ярих биш, бүх зүйлийг шашны үзлээр тайлбарлаж, шашны номлол сургаал дээр үндэслэж байв.
Тэгвэл Чингис хааны шашны талаар хийсэн өөрчлөлт шинэчлэлт бол монголчуудын шашны сэтгэлгээнд “Мөнх тэнгэр” гэсэн ойлголт ухагдахууныг төлөвшүүлж, бий болгосон явдал юм. Чингис хаанаас өмнө монгол бөө мөргөлд “Тэнгэр газар”, “Дээд тэнгэр” зэрэг ойлголт байсан боловч Чингис хааны “Мөнх тэнгэр” бол илүү тэнгэрлиг ойлголт болохыг түүхэн баримтууд баталдаг.
Плано Карпини нарын тэмдэглэлд “Монголчууд ганцхан бурханыг
/мөнх тэнгэр/ шүтдэг, тэр нь нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх аливаа бүхнийг захирдаг…” гэсэн бол Мөнх хаан: “Бидний Монголчууд цорын ганц мөнх тэнгэрийг шүтдэг, төрж үхэхийн заяа тавилан мөнх тэнгэрийн тааллаар болно, мөнх тэнгэр оршин буй тул хүн шударга  үнэн, муу сэтгэлгүй байх учиртай…” хэмээн нотлон хэлжээ. Энэ мэт олон жишээ дурдаж болно. Тэр цагаас эхлэн хаад ноёд, бөө удган, хамаг монголчууд зөвхөн өөр өөрийн сүнс онгод, уул усыг төдий бус харин мөнх тэнгэр хэмээх нэгэн тэнгэрийн дор залбиран мөргөж, ухамсар сэтгэхүй, үзэл бодлын нэгдлийг хангаж чадсан юм.
Энэ бол зөвхөн шүтлэг бишрэлийн хувьд ч биш, монголчуудын сэтгэлгээнд гарсан том өөрчлөлт юм. Тухайн үеийн төсөөллөөр мөнх тэнгэр бол цорын ганц, хамгийн дээд, эзэн тэнгэр юм. Мөнх тэнгэрийн хүч бол агуу гайхамшигтай, аливаа бүхэн түүний заяагаар шийдэгддэг байна. Чингис хаан мөнх тэнгэрийн хүчийг олсон болохоор “мөнх тэнгэрт ивээгдэн, түмэн иргэнийг оруулж”, дэлхийн хамгийн хүчирхэг том гүрнийг байгуулж чадсан ажээ. Чингис хааныг тэнгэрт хальсны дараа монголчууд түүнийг мөнх тэнгэрийн элч төлөөлөгч хэмээн тахин шүтсээр ирсэн бөлгөө . Он цаг өнгөрсөөр олон зуун жил болжээ. Шарын шашин дэлгэрч, эртний уламжлалт эрхэм ёсыг өөрчилсөн бол, социализм гэгч гарч ирээд түүнийг юу ч үгүй арчин хаяжээ. Феодалын үеийн хутагт хувилгаад, социализмын үеийн эрдэмтэн мэргэд аль болох хуучин уламжлалаас нь салгаж, мөнх тэнгэрийг нь монголчуудаас мартагнуулахыг хичээн оролдож байлаа. Гэвч энэ нь төдийлөн амжилтанд хүрсэнгүй, “цаг нь ирэхээр цасны доороос ногоо цухуйна” гэгчээр өнөөдөр мөнх тэнгэрийн уламжлал дахин сэргэлээ. Мөнх тэнгэрийн номлол сургаал өнөөдөр хүчтэй сэргэн мандахад зайран Бямбадоржийн гүйцэтгэсэн үүрэг их юм. Тэрээр “Мөнх тэнгэрийн амин судар” зэрэг олон сайхан бүтээлүүдээ хэвлүүлж, мөнх тэнгэртэй харилцах зан үйл, уншлага дуудлага, учир ёсыг дэлгэрэнгүй өгүүлсэн билээ.
“Мөнх тэнгэрийн үр ач нартаа үлдээх айлдвар”-таа
“Бөө мөргөлөө шүтэцгээе
Бөмбөрцөг дэлхийгээ хайрлацгаая
Мөнх тэнгэрээ дээдэлье
Мөрөөдөл хүслээ даатгая” хэмээн бөө мөргөлөө шүтэж, мөнх
тэнгэртээ залбирахыг уриалсан байдаг бол:
“Мөнх тэнгэрээс мөргөл гуйдаг
Мөрөөдөл хүслээ хэлж даатгадаг
Бөө бөөгийн удамтан
Бөөрөнхий тал хэнгэрэгтэнгүүд” /”удган зайран, бөөнүүд”/
“Мөнх тэнгэр шүтлэгтэнгүүд
Мөргөл шидлэгийн эзэнтэнгүүд
Хөх мөнгөн тэнгэртэнгүүд
Хөрст дэлхийн эзэнтэнгүүд” /”Ерэн есөн тэнгэрийн дуудлага”/ хамаг монголын гол шүтээн нь чухам мөнх тэнгэр болохыг онцолжээ.
Төрийн их зайран, тэнгэрийн их улаач, зайран Бямбадорж онгод
нь орж:
“Мөнх тэнгэрийн онгон шүтээн минь ээ
Мөрөн голын лус савдгууд минь ээ
Бөртэ чину сахиулсан тэнгэр минь ээ
Бүргэд шонхор сүлд тэнгэр минь ээ” /”Тэнгэрийн овооны заллага, дуудлага”/ хэмээн мөнх тэнгэрээ урин дуудахад:
“Ургийн эх нь гал голомт билээ
Улсын хэлхээ өрх гэр билээ
Мөнх тэнгэртээ галын утаагаар зочилно
Мөрөөдөл хүслээ холын холд хэлнэ ээ” /Гал шүтээн/
“Мөнх тэнгэрээ дуудан заллаа
Мөрөн голоо аргадан тайлаа
Хаадын сүнс өргөөндөө заларлаа
Хатдын сүнс гэртээ ирлээ” / Хөдөө арал/ хэмээн мөнх тэнгэрийн онгод нь орж ирэхэд, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн учрыг хэлж, төр улс, түмэн олныхоо сайн сайхныг даатгаж, муу бүхнийг үлдэн хөөж, сайн бүхнийг уриалан дууддаг ажээ.
Харин “Монгол төрх”-дөө:
“Далан долоон суу заль ухаантай
Даамай мэргэн бөөгийн удамтай
Дэлхийд тэднийг тогтоох
Дээд тэнгэр мөнх тэнгэр” хэмээн мөнх тэнгэрийг шүтэн амьдрахын ач холбогдолыг мөнх тэнгэрийн зарлиг гэлтэй, яруу тод, ялгуун сайхан илэрхийлсэн байдаг билээ.
Гурав. БУРХАН УУЛЫН ОНГОД
Монголын уул болгон тахилгатай, ус болгон шүтээнтэй бөлгөө. Монгол хүн болгон өөрийн өсч төрсөн нутаг усаа хүндлэн шүтэж байдаг эрхэм уламжлалтай юм.
Монгол орноо алдартай уул овоонууд гэвэл Бурхан халдун, Богд хан, Отгонтэнгэр, Алтан овоо зэрэг төрийн тахилагатай овоо байхаас гадна эрт үеэс Хангай хан, Бурхан халдун, Харгуна хан, Заламан хан, Арвас алагша  хан, Монь хан, Хэнтий хан, Онон мөрөн, Туул мөрөн, Хэрлэн мөрөн, Дэлүүн болдог, Хуа товон, Хусан барута зэрэг нийт монголын алдарт уул уснаа ерэн есөн цагаагчны сүүг тус бүр дүүрэн ес сацаж, эеэрсэн эеэсч, баярсан баясуулж, эгээ зарлигийг нь авдаг тухай мөнх тэнгэрийн “Алтан бичиг”-т байдаг. Бас Алтай хан, Дөрвөн уул, Арц богд уул, Бага газрын чулуу, Бүрэн хан, Зотол хан, Өндөр хан, Суварга хайрхан, Сутай хан, Сэнсэр, Баян дүхэм, Их голын онги, Дэлгэр мөрөн, Онон, Хэрлэн, Шаргалжуут зэрэг монголын тахилга шүтээнт уул ус байдаг болохыг эрдэмтэн О.Сүхбаатар “Монголын тахилгат уул усны судар оршвай” /УБ 2001 он/ бүтээлдээ оруулсан байдаг.
Энэ сайхан бүтээлд монголын тахилга шүтээнт уул усны 37 сан судрыг төвд хэл, монгол бичгээс буулган, гэрэл зургийн хамт англи монгол тайлбартай хэвлэсэн байдаг. Эдгээр сан сэржмийн олонх нь лам нарын төвд хэлээр зохиосон, шарын шашны агуулга их орсон уншлага дуудлага болохыг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу.
Зайран Бямбадоржийн уул усны уншлага дуудлагыг төвд хэлээр зохиосон сан сэржимтэй харьцуулж үзэхэд, тэнгэр газрын улаач, бөө зайран хүн эх хэлээрээ зохиож, монгол үнэр амт бялхаж байдгаараа онцлогтой болой. Тэрээр:
“Буурал дэлхийн эзэнтэнгүүд
Бурхан халдун тэнгэртэнгүүд
Дээдсийн ариун шүтээнтэнгүүд
Дэлүүн болдогт нутагтангууд
Цастын цагаан тэнгэртэнгүүд
Цамбагарав хайрхтангууд
Мөстийн цагаан тэнгэртэнгүүд
Мөнх хайрхан овоотонгууд
Одон цагаан тэнгэртэнгүүд
Отгонтэнгэр буулттанууд
Алиман саран тэнгэртэнгүүд
Алтан овоо тахилтангууд
Цэлмэг хөх тэнгэртэнгүүд
Цэцээ гүн оронтонгууд
Өглөг буяны тэнгэртэнгүүд
Өндөр хөхийн эзэнтэнгүүд
Хан хайрхан эзэнтэнгүүд
Харж сахисан хүчтэнгүүд
Их тэнгэр овоотонгууд
Энэрч хайрласан савдагтангууд
Бага тэнгэр овоотонгууд
Батлан даасан хайрхантангууд
Дэргэд нь сахисан лустангууд
Дээдсийн ариун шүтээнтэнгүүд
Цагаан сарлаг савдагтай
Цаст цагаан Сутайтангууд
Гэрэлт наранд мөнхөрсөн
Гимбий богд шүтээнтэнгүүд
Гурван мөрөн эзэнтэнгүүд
Гучин гурван Говьтонгууд
Арван гурван Алтайтангууд
Алтай хангай хайрхадтангууд” хэмээн “Ерэн есөн тэнгэрийн дуудлага”-даа: Бурхан халдун уул, Дэлүүн болдогоор эхлүүлэн Цамбагарав, Мөнх хайрхан, Отгонтэнгэр, Алтан-Овоо, Цэцээ гүн, Өндөр хөхий уул, Хан хайрхан, Их тэнгэр, Бага тэнгэр, Сутай хайрхан, Гимбий богд, Гурван гол, Алтай хангай уул, Арван гурван Алтай, Гучин гурван говьд хүртэл урин дуудаж, аргадан тахиж, залбиран даатгадаг байна. Дээд тэнгэрээс заяаж төрсөн Бөртэчино, эзэн Чингисийн маань хойч үедээ өвлүүлж үлдээсэн нутаг уудам, уул ус олон билээ. Энд нэг бүрчлэн тоочин өгүүлэх аваас, оршилд зориулсан хуудас цаас үл хүрэлцэх учир хүлцэл өчсүгэй. Энд бид уул усны тахилга шүтээний тухай зайран Бя мбадоржийн Бурхан Халдун уулын тайлга тахилгыг эрхлэн гүйцэтгэж ирсэн туршлага, энэ тухай бичиж нийтлүүлсэн ном зохиол дээр нь тулгуурлан авч үзье.
Монголын нууц товчоо бүтээл эхэлмэгц “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино ажээ, гэргий нь Гуамарал, тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүн Бурхан халдунаа нутаглаж…. хэмээн монголчуудын гарвал үүсэл болсон уугуул нутаг бол Бурхан халдун уул болохыг онцолсон байдаг. Тэмүжин:
“Бурхан Халдуныг манагаар /маргааш/ бүр мялаасугай Өдөр бүр өчсүгэй
Ургийн ураг минь ухатугай” /МНТ зүйл 103/ хэмээн анх 1178 онд
Бурхан халдун уулыг үрийн үрд үүрд тахиж, үе тутам үргэлж шүтэхийг
зарлиг болгожээ.
Тэр цагт Чингис хаан наран зүг хандан есөнтөө сөгдөж, сацал сацан өчил өчсөн байдаг билээ.
“Алтан товч”-д
“Бор этүгээн эхийн даруулга Бурхан халдун буй за
Бүх улсын эзэн богд эзэн чи буй за
Хөлийн эндсэнийг тэргүүнээс авах буюу
Хөвгүүдийн эндсэнийг эцгээс авах буюу
Бор этүгээний эндсэнийг Бурхан халдунаас эрэх буюу
Бүх улсын эндсэнийг богд эзнээс эрэх буюу” гэсэн байдаг нь
Бурхан халдун уул бүх монголын уул усны даруулга, лус савдгийн эзэн болохыг заасан явдал билээ.Тийнхүү Бурхан халдун уулын тахилга, тайлга үеэс үед дамжин уламжлагдсаар шарын шашны дэлгэрэл, манжийн ноёрхол хүртэл тасралтгүй үргэлжилж байлаа.
Тухайн үед хэдийгээр манжийн дарлалд байсан гэдэг боловч монголын ухаалаг язгууртан ноёдууд хэлэлцэн, өргөх бичиг үйлдэн дээд газрын зөвшөөрлийг авч 1779 онд Хан хайрхан уулыг, 1818 онд Хан хэнтий уулыг, мөн Отгонтэнгэр зэрэг уулын тэнгэрийн тайлагыг сэргээлгэж, төрийн тайлага ёслол болгосон түүхтэй билээ.
Энэ нь нэг ёсондоо монголчууд уул хайрхадаа дээдлэх, онгод тэнгэртэйгээ харилцах, мөнх тэнгэрийн үзэл сэргэж буйн зэрэгцээ нөгөө талдаа бас үндэстний үзэл ухамсарт нөлөөлж, оюун санааны хувьд манж хятадын харъяат байдлаас ангижрах тусгаар тогтнолын үндсийг тавьсан юм.
Хан хэнтий уулын хувьд 1819 он гэхэд тахилга ёслолын үйл ажиллагаа жигдэрч уулын тэнгэрийг өргөн дэлгэр тайсан тухай баримт материал улсын төв архивт олноор хадгалагдаж үлджээ. Түүнээс хойш Хан хэнтий уул /Бурхан халдун уул/-ыг жилд хоёр удаа, зун намрын улиралд алдалгүй тахиж тайсаар иржээ.
“Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг”-т “Халхын Хэнтий уул, Хан уулыг жил бүр хавар намар хоёр цаг дор тайлагын хэргийг эрхэлсэн яамнаас хүж торгыг тархаан өгч тайлгагтүн” /зүйл 863/ хэмээн эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн байдаг. “Эдүгээ хянан байцааваас урьд Чин улсын үед Их богд хан хайрхан, Хан хэнтий уулуудыг жил бүр зуны цаг тайгаад зүүн хоёр аймаг, шавь гурван газраас идэр бөхчүүд ба харваачдыг сонгон шалгаруулж, түшмэл ардыг хуралдуулан, бөмбөг намнуулан, сур харвуулж явсан” ажээ.
Олноо өргөгдсөн, наран гэрэлт Их Монгол улсын үед “дотоод явдлын яамнаас их Богд хан хайрхан, Хан хэнтий, Отгонтэнгэр уулуудыг жил бүр хоёр удаа тайлгах явдлыг айлтгаад зарлиг ёсоор болгосныг хичээнгүй дагаж, зохих газруудад зарлан тушааж”, “энэ завсар манай монголчууд өөртөө тогтнолоо” хэмээн бүр илүү, далай их тайлага тахилга, баяр наадам хийж байсныг архивын баримт бэлхэнээ харуулж байна.
1995 онд ерөнхий сайд Д. Бямбасүрэн зэрэг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эх оронч хүмүүсийн санаачлагаар Уулын тэнгэр тайх ёсыг сэргээх тухай Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбатын зарлиг гарч Бурхан халдун уулыг тахиж, тайх, эзэн Чингисийн гэрээслэл эдүгээ хүртэл хүчинтэй буйг баталсан билээ. Тийнхүү зайран Бямбадорж гуай:
“Түмэн үедээ тахиж ирсэн
Төрийн их шүтээн минь
Олон үедээ тахиж ирсэн
Онгон догшин хайрхан минь” /Бурхан Халдун хайрханы бөө мөргөлийн дуудлага/ хэмээн Бурхан халдун уулын төрийн тахилгыг ёслон гүйцэтгэх эрхэм үүргийг хүлээж, дээдсийн шүтээнээ баясган тэнгэр газартай харилцаж, төр улсаа даатгаж, түмэн олныхоо тусын төлөө залбирч, бөөлж ирсэн ёс учир нь энэ билээ. Судалж үзвээс уулын тэнгэр тайх нь нарийн тогтсон зан үйлтэй байдаг. Дөрвөн хэлний гүүш хэмээх эрдэмтэн Лувсанчойдон “Овоо тахисан учир болбоос, их эрт цагт тэнгэрийг шүтэж, уул усанд аливааг даатган явж байсан цаг, олноор чуулга болж, уул буюу их мөрөн гол  буюу эс бөгөөс их нуур буй эдгээр газрыг сонгож, тахилгын орон болгож их л хүндэлмой” хэмээн өгүүлээд цааш нь “овоо байгуулах ёсон болвоос газар болгон адил баймой.
Эрт цагт гурван овоо хэмээн нэрлэж, тэнгэрийн овоо, газрын овоо,  хүний овоо хэмээн шүтэж байсан” гэж 1918 онд зохиосон “Монгол зан аалийн үйлбэр” бүтээлдээ тэмдэглэсэн байдаг.
Эрдэмтэн гүүш Лувсанчойдонгийн эл тэмдэглэл зайран Бямбадоржийн “уулс бүр өөрийн эзэн тэнгэртэй гэж үзэж, тэнгэрийн овоо, хүний овоо, газрын овоо гэж босгодог” /Овоо тахилгын тухайн товч ойлголт/ гэсэнтэй яв цав таарч тохирч байдаг юм. “Овооны үүдэх зан үйл сэлт оршив”-т “Овоо босгох хэрэгтэй болбоос хан хүний овоо өндөр уулын оргил ба.
Тойн палам ба, ер ноёдын овоо газрын дээр дэвсэг өндөр. Харц ерийн хүний овоог хөтөл газар” хэмээн тодорхой заажээ. Ийнхүү Монголын тахилга шүтээнтэй уул хайрхад нийгмийн гарал, язгуур угсаа, шашин шүтлэгээрээ ангилагдсан гурван овоотой байх нь олонтой байдаг.
Бурхан халдун уул мөн гурван овоотой ажээ.
Дээд буюу тэнгэрийн овоо, дунд буюу газрын овоо, доод буюу хийморийн овоотой бөлгөө. Тэнгэрийн овоог бөө удган нар тахиж ирсэн уламжлалыг барьж зайран Бямбадорж гуай ёс төртэй гүйцэтгэсээр ирлээ.
Харин дунд овоог лам нар тахидаг уламжлал буй, Богд Жавзандамба
хүртэл дунд овооноос дээш гардаггүй байсан тухай мэдээ буй. Доод овоо нь нэгэнт чөлөөт ардын овоо учраас нарийн тогтсон дэг журам байхгүй, лам, бөө, мэргэ төлөгч, идтэн шидтэн нар өөр өөрийн зан үйлийг хийж, тэнгэр лусаа дуудаж, сүсэгтэн олонтойгоо харилцаж байдаг ажээ.
Уулын тэнгэрийг тайх зан зүйлийн хамгийн гол нь мал сэтэрлэх ёсон байв. Монголчууд эрт дээр үеэс мөнх тэнгэртээ хүлэг морь сэтэрлэн өргөж, онгод тэнгэрийн хүлэг, агт мориныхоо хайр хүндэтгэлийн билэг тэмдэг болгосоор иржээ.
Чингис хааны найман цагаан гэрийн нэг нь “Өндгөн цагааны шүтээн” юм. Өндгөн цагаан бол “Чингис хаан амьд сэрүүн байх үедээ шүтэж байсан хөх мөнх тэнгэрийн хувилгаан хүлэг болох онгон сэтэрт морь болно” хэмээн “алтан бичиг”-т тэмдэглэжээ. Жил болгон ерөнхий шүтээн, хамаг Монголын цагаан сүргийн их тайлга дээр өндгөн цагаан морийг “алтан гадас”-наас уяж, мөргөл залбирал үйлддэг ёс өнөө хүртэл хэвээр байна.
1779 онд Хан хайрхан уулын тэнгэрийг анх тайхад “Халхын хоёр аймгийн олон засаг хошуунаас хошуу бүр цагаан морь, цагаан тэмээ, цагаан үхэр, цагаан хонь гаргуулан сэтэрлэж, Хан уулын тэнгэрт өргөж, өөрөө адуулуулсан бөлгөө”. Тухайлбал: “энэ малын уг эхийг байцааваас, урьд тэнгэрийн тэтгэсний 44 онд зарлигийг дагаж, анх тайх цагт тэр үеийн дарга, туслагч, жанжин нар зөвшилцөөд манай нэгэн аймгаас /Түшээт хан аймаг/ үржих адуу 9, тэмээ 3, үхэр 9, хонь 91-ийг өөр өөрийн сүсэглэх санаагаар гаргаж, хан уулын тэнгэрт өргөж, сүрэг болгон үржүүлсэн” байдаг
Мөн энэ мэт 1818 онд Хан Хэнтий уулын тэнгэрийн тайлгыг сэргээхэд дөрвөн төрлийн цагаан сүргийг сэтэрлэн мөнх тэнгэрт өргөсөн байдаг билээ.
1820 онд Хан хайрхан уул, Хэнтий хан уулд сэтэрлэн өргөсөн мал сүргийг захирагч улст туслах гүн Баттөрийн бичигт “… хан хайрхан уулын тэнгэрт сэтэрлэн өргөсөн дөрвөн зүйлийн мал ба хоёр аймаг, шавь гурван газраас Хэнтий уулын тэнгэрт сэтэрлэсэн дөрвөн зүйлийн малыг бие тулж хүлээн авч захираад, байцаан үзвээс: Хан хайрхан уулын сүрэг адуу 345, тэмээ 23, үхэр 41, хонь 246.
… Хэнтий хан уулын тэнгэрт сэтэрлэн өргөсөн бүгд морь 41, тэмээ 15, үхэр 27, хонь 81-ийн дээр…” хэмээн тухайн үеийн сэтэртэн мал сүргийн тоо толгойг тодорхой заажээ. Сэтэртэн мал сүрэг хэдий зуд турханд өртөж, чоно нохойд бариулж байсан ч, тухай бүрт нь нөхөн сэтэрлэж байсан тул ерөнхийдөө тоо толгойгоо хадгалж байлаа. Төрөөс тусгай хүн томилон захируулж,   орон нутгийн хариуцлагатай хүнээр маллуулж, тогтмол шалган байцааж байв. Богд хаант их Монгол улсын үе хүртэл 140 орчим жил сэтэртэн мал сүргийг маллаж, тоо толгой, нас жил, өнгө зүсээр нь тодорхой тэмдэглэж ирсэн данс, баримт материал манж, монгол хоёр хэл дээр бичигдэн үлдсэн нь Улсын төв архивт байдаг билээ. 1990 оноос Хэнтий нурууны Бурхан халдун уулын тэнгэрийн тайлга сэргээгдэж, мөн уламжлал ёсоор дээд мөнх тэнгэртээ хүлэг морь сэтэрлэн өргөх болсон юм.
Тийм ч учраас зайран Бямбадорж:
“Хар сүлдээ хадгалан тахъя
Хамаг монголоо даатган тахъя
Шарга морио сэтэрлэн тахъя
Санасан бодсоноо даатган тахъя” /”Бурхан Халдун хайрханы бөө мөргөлийн дуудлага”/ хэмээн Бурхан Халдун уулнаа Чингис хааны найман шарга мориор билэгдэж, шарга адуу онголон сэтэрлэж ирсэн бөлгөө.
Уул овоо тахиж шүтэх нь бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашны хамгийн гол зан үйлүүдийн нэг юм. Монголчууд эртнээс төрж өссөн уул усныхаа хэвлийд нь оршиж, өлгийд нь бүүвэйлэгдэн өсч өндийн, оршин тогтнох ба уул хайрхан болгон онгод сахиустай, ус мөрөн болгон лус савдагтай хэмээн үзэж, тахин шүтэж, шүтэн залбирсаар иржээ.
Энэ нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, зүй зохистой харилцах сэтгэлгээг ард иргэддээ төлөвшүүлж чадсанаар өндөр ач холбогдолтой бөлгөө. Тийм ч учраас бөө удган нар:
“Төрийн сүлдээ дээдлэн шүтнэ
Түмэн олноо хайрлан хүндэтгэнэ
Унаган байгалиа дээдэлж сахина
Уул усаа хүндэлж хайрлана” хэмээн андгай тавьдаг байна.
Д.Бямбадорж: “Бөөгийн андгай”
Эрдэмтэн гүүш Лувсанчойдон: “Хэрвээ нуурыг тахисан хойно хэрхэвч
тахисан нуурын загас амьтныг хүнээр бариулж огт болохгүй, цээрлэмой. Уулыг тахиж шүтсэн хойно чулуу модон, өвс шороог хөдөлгөхгүй бөгөөд авч хэрэглэхгүй буй амой” гэж 1918 онд зохиосон “Монгол зан аалийн үйлбэр” бүтээлдээ тэмдэглэсэн байдаг.
Тахилга шүтээнтэй уул овоонуудыг дархан цаазат газар болгон төрийн хамгаалалтад авч байв.
Тухайлбал: Хан хайрхан, Хан хэнтий уулын тахилгыг сэргээхийн зэрэгцээ дархан цаазат газар болгон, цагдах түшмэл томилон суулгажээ.
Энэ нь ч ач холбогдлоо өгч байсан бололтой, 1861 оны 5 сарын 21 ний өдрийн өргөх бичигт “мэдүүлэхийн учир: өчүүхэн бид нар тушаасныг дагаж, цагдаа, занги Балдан, дарга Төвчүүр нарыг авч, Хан уулын ам сүв, ойр тойрон газарт цагдан байцаан үзвээс ер буга гөрөөс агнасан зэрэг гэм учир огт үгүй явдлыг өргөн мэдүүлсүгэй, үүний тул өргөв” гэсэн байдаг.
Засаг хууль гаргаж, төрийн хүчээр онгон шүтээнт уул хайрхадаа харж хамгаалах гэсэн оролдлого хэдий сайшаалтай боловч, ард түмний уул ус, ургамал амьтнаа хайрлан дээдэлж, шүтэн бишрэх сэтгэл зүй илүү их үр дүнгээ өгсөөр ирснийг түүх гэрчилнэ.
Тийнхүү бид өнөөдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, амь  ахуйн тэнцвэрээ үл алдагдуулахыг хүсэх аваас уул усныхаа тахилгыг сэргээж, удамт их бөө удганаа дээдлэх учиртай ажээ.
Уул болгоныг эзэнтэй, ус болгоныг лустай гэж үздэг монголчууд овоо тахилгын зан үйлээ сэргээхэд, зөвхөн байгаль дэлхий, ан амьтнаа хайрлаж хамгаалаад зогсох биш, удам судраа таних, монгол ёс заншлаа мэдэх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Уул овоо тахиж шүтэх зан үйл, ёс заншил, эрхэм уламжлалын талаар зайран Бямбадорж энэ толилуулж буй номдоо маш дэлгэрэнгүй өгүүлсэн тул, эрхэм уншигч та хичээнгүйлэн уншиж, тунгаан болгоох буй за.
Эрдэмтэн зохиолч Ж.Саруулбуян 2000 онд “Хан хэнтий уулын тэнгэрийн тайлга” хэмээх бүтээлээ хэвлүүлж, олны хүртээл болгожээ. Энэ  номондоо: өвгөн бичээч Д. Жамба, Өвгөөдэй хэмээх Дамдинсүрэнгийн дурсамж өгүүллүүдийг оруулж, “Хэнтий ханд зоог тахил өргөх ёсон оршвой” зэрэг Бурхан халдун уулын тахилга тайлгыг судалж, сурталчилахад чухал ач холбогдолтой олон арван баримт материал орсон байдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй билээ.
Зайран Бямбадорж гуайн Бурхан халдун уулын тэнгэрийн тайлгыг хоёронтоо үзсэн эрдэмтэн зохиолч Ж. Саруулбуян: “Эзэн богд Чингис хааны итгэн биширдэг дээд тэнгэрийн язгуур шүтлэгт бөөгийн шашны ид шид нь дэвшил хөгжлөөрөө чинээндээ тулсан хорин нэгдүгээр зуунд ч дэлхийн олон улсын шинжлэхүй ухаан, түүх, зан үйл судлаачдын анхаарлыг татаж, олон түмний сүсэг бишрэл, итгэлийг байлдан дагуулсаар байна” хэмээн дуу алдсан байдаг бөлгөө.
Дөрөв. ТЭНГЭРИЙН ХЭЛ
Мөнх тэнгэр, эзэн Чингисийн тахилгад найман зуун жил дуулж ирсэн “тэнгэрийн хэлний дуу” гэж 12 дуу байдаг юм. Энэ дууг монгол хэл ч биш, гадаад хэл ч биш, харин тэнгэрийн хэлээр бичсэн учир тэнгэрийн хэлний дуу хэмээн “Алтан бичиг”-т тэмдэглэгдэж, ерөнхий шүтээний дархадууд дуулсаар иржээ. Тийм ээ, Монголчууд онгод тэнгэртэйгээ тусгай хэлээр харилцаж тэнгэрийн хэлийг буй болгожээ. Бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашинд бас онгод тэнгэртэйгээ харилцах хөгжмийн зэмсэг нь хэл хуур, ая дан нь хөөмийн эгшиг байж, тэнгэрийн аялгууг бүрдүүлдэг нь бусад шашнаас ялгарах онцлог мөн.
Тийм ч учраас:
“Бөө мөргөл шүтээнтэнгүүд
Бөртэ чонон сахиустангууд
Тэнгэрийн хэлээр яриатангууд
Тив тэнгэр бөөтөнгүүд
Ганц модон шүтээнтэнгүүд
Газрын хэлээр яриатангууд
Овоо чулуун тахилгатангууд
Олон голын савдагтангууд”
хэмээн зайран Бямбадоржийн уншлага дуудлаганд гардаг билээ.
Хэрлэнгийн Хөдөө аралд есөн цагаан гэр босгон, Чингис хааны онгон шүтээний төвийг байгуулж, мөнх тэнгэрт гүүн сүүний цацал өргөх, хамаг монголын далай их цагаан сүргийн их тайлгыг Монгол улсад сэргээсэн доктор, профессор Н.Ням-Осор: “зайран Д.Бямбадоржийн онгодоор дамжуулан бидэнд соёрхсон тэнгэрийн аялгуу” хэмээн тус номонд оршил бичсэн нь санамсаргүй явдал биш, харин бөө удган нарын хэлж ярьж, бичиж туурвиж буй нь онгод тэнгэрийн захиас даалгавар болохыг онцолсон явдал болой.
Зайран Бямбадоржийн энэ толилуулж буй ном болбоос агуулга баян, санаа гүн, бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашинтаны гарын авлага, ширээний ном болохуйц бүтээл болж чаджээ.
Тус номыг сайтар уншиж судалж үзвээс, дараах онцлог шинж ажиглагдаж амой:
1. Бөө удган нарын амаар уламжлагдаж ирсэн уншлага дуудлагыг бичгийн хэлбэрт оруулсан байна.
Судлаач эрдэмтэн нар л бөө мөргөлийн уншлага дуудлагыг цуглуулж хэвлэн нийтлэж байсан удаа буй болохоос биш, бөө хүн өөрөө шашныхаа зан үйл, уншлага дуудлага, учир ёсны талаар дэлгэрэнгүй тоочин өгүүлсэн ийм бүтээл нэн ховор юм. Ийм учраас энэ бүтээл шашин судлаач эрдэмтэн мэргэдийн сонирхолыг татах нь гарцаагүй бөлгөө.
2. Түүхийг эргэн харахад Галданчойнболон хийдийн гэлэн Лувсанхайдав олон сайхан сан сэржим, сархад балин өргөх ёс, уншлага дуудлагыг зохиож байсан бол Урьдын мэргэн гэгээн Лувсандамбижалсан буддын шашны ном зохиолыг эх хэлнээ орчуулах, шинэчлэн найруулж, монгол хөрснөө суулгахыг хичээн оролдож байсны зэрэгцээ “Эзэн Чингисийн сан”-г зохиож, Чингис хааны тахилгыг баяжуулж байлаа. Бошгот жонон, Хулч тайж, Эрэнчин жонон, Сагваа жонон нар мөнх тэнгэрийн “Алтан бичиг”-ийг тунгаан шинэчилж, алтаар бичүүлж, үр хойч нартаа өвлүүлж үлдээсэн агуу гавьяатай хүмүүс юм.
Тэгвэл өнөөдөр зайран Бямбадорж гуай цаг үеийн хөгжил хувиралд тохируулан, онгод тэнгэрийнхээ хүчинд, өөрийн суу билгээр олон сайхан дуудлага, сан, өргөл, айлдвар, даатгал, гуйлт, мялаалга, өчил, ерөөл, шившлэг, хэллэг, залбирал, шүлэглэл зэргийг шинэчлэн зохиож, бөө мөргөлийн яруу найраг, үгсийн чуулганд, давтагдашгүй онцлогтой, өөрийн гэсэн хувь нэмрийг хандивлажээ. Энэ бүтээлд бөө мөргөлийн уламжлал шинэчлэлийн гэрэл туяаран харагдаж байна. 3. Зайран Бямбадоржийн бүтээл зөвхөн бөө удган нарын сүнс онгод, агуу гайхамшигт мөнх тэнгэртэй харьцах асуудлын хүрээнд хязгаарлагдаагүй, Монголын ард түмний дунд олон жил түгэн тархаж, ахуй амьдрал, ёс заншил, үндэстний ухамсар сэтгэхүйд хэвшин тогтож ирсэн ардын зан үйл, тахил шүтээний ёс, баяр наадмын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
Тухайлбал: Бурхан халдун, Хан хайрхан, Дөрвөн уул, Сутай хайрхан зэрэг Монголын гол уул хайрхадын тэнгэрийг тайх ёс, Ээж мод зэрэг модны шүтлэг, удам угсаа залгаж, мандан бадрахын бэлгэдэл болсон гал голомтын тахилга, од эрхэсийн тахилга шүтлэг, тэнгэр шинжих бөөгийн зурхай, дал ба чулуун төлгө, сүр сүнс дуудах хүртэл өргөн агуулгыг хамарч, хэзээ, хаана яаж ёслон үйлдэх, ямар нарийн дэг журамтай байх, юуг анхаарах, цээр ёс нь юу болох, ая дан, уншлага дуудлага, үүх түүхийг нь хүртэл тоочин бичжээ.
Энэ бүхэн зайран гуайн өөрийнх нь захиа заавар болох нь эргэлзээгүй байна.
4. Энэ номын бас нэг онцлог бол “Ерэн есөн тэнгэрийн дуудлага”- ыг анх удаа зохиож, бүрэн эхээр нь хэвлэн нийтэлж байгаа явдал юм.
Бөө мөргөлд есийн тоогоор билэгдэж, 99 тэнгэр гэж гардаг боловч, чухам ямар 99 тэнгэр болох, уншлага дуудлага нь юу болохыг тодорхой зааж хэлж, бичиж үлдээсэн зүйл байгаагүй билээ.
Тэгвэл зайран Бямбадорж нь өөрийн билэг авьяас, онгод тэнгэрийнхээ ид хүчээр энэ хоосон орон зайг нөхөж чадсан юм. 1990 онд бөө судлаач эрдэмтэн Тайчууд Мансан “Монгол бөө мөргөл” бүтээлдээ 99 тэнгэрийг анх удаа бүртгэж үзсэн байдаг бол түүнээс  хойш 15 жилийн дараа зайран Бямбадорж 99 тэнгэрийн дуудлагыг зохион амилуулж, нүдэнд үзэгдэж, гарт баригдам яруу сайхан дүрслэн харуулжээ.
5. “Ерэн есөн тэнгэрийн дуудлага”-д 99 тэнгэрийн нэр ус, онцлог шинж, хүч чадал, ид шид, авир зан, ааш араншин, өнгө зүс, дур хүсэл, орон байршил, дуу авиа, ач тус, хор хөнөөлийг нь хүртэл нарийн тодорхой өгүүлжээ. Энд ганц хоёр жишээ татваас, бөө хүнд онгод хэрхэн орж ирдэг тухай:
 “Оромбо сорви ташууртангууд
Орилж буусан бөөтөнгүүд
Тал хэнгэрэгт унаатангууд
Татаж унасан бөөтөнгүүд” хэмээн дүрсэлсэн бол:
“Харан харан ирдэг
Хатуу хар тэнгэртэнгүүд
Хараан занан ирдэг
Хадарган хар тэнгэртэнгүүд” хэмээн харын зүгийн онгод
тэнгэрийн ааш араншинг дүрсэлсэн байдаг.
Бас:
“Хаадын удмын харуултангууд
Харцын удмын сахиултангууд
Хар архин дээжтэнгүүд
Хар сүлдэн тэнгэртэнгүүд
Цагаан сүүн цацалтангууд
Цацал мөнгөн тэнгэртэнгүүд
Холбоо суран хэлхээтэнгүүд
Хонины шүүсэн тахилтангууд” хэмээн онгод тэнгэрийн зоог ундыг хар цагаанаар нь ялган тодорхойлжээ.
Мөн:
-Хүүг хүүг дуудаатангууд
Хүрч ирдэг тэнгэртэнгүүд
Хээг хээг дуугараатангууд
Хэлж ирдэг тэнгэртэнгүүд
Шоог шоог шогшоотонгууд
Шогшрого дуун хонхтонгууд
Шээг шээг дуудаатангууд
Шигшрэг мөнгөн хэлтэнгүүд” хэмээн онгод тэнгэрийн дуу чимээ, үйл мөрийг дүрслэн харуулсан байдаг. Энэ мэт” Ерэн есөн тэнгэрийн дуудлага” нь бөө мөргөлийн онгод тэнгэрүүдийн тайлбар толь гэлтэй томоохон бүтээл болж чадсаныг тэмдэглэн хэлэхэд үнэхээр  таатай байна.
Энэ бүхнийг нэг өгүүлбрээр товчилж хэлэхэд хичээл зүтгэлтэй, боловсрол сайтай, яруу тансаг үг хэллэгтэй бөө хүн бөөгийн тухай ном бичсэн явдал бол бөөгийн ертөнцийг нээх, түүний дотоод нууцад нэвтрэх шидэт түлхүүр, шилдэг бүтээл мөн болоход оршиж байна. Чингис хаан 1206 онд хаан ор суугаад баарин овгийн ахмад Усун өвгөнийг цагаан дээл өмсгөж, цагаан морь унуулж, дээд талын суудалдаа суулгаад, мэргэ төлгө үзүүлэн, төрийн их бэхи буюу мөнх тэнгэрийн шашны тэргүүнээр өргөмжилж байсан сайхан түүхтэй билээ.
Харин эдүгээ цагт төрийн их зайран хэмээн хүндлэгдэж, эрдэм чадал нь олноос онцгойрч, сайн үйл нь нийтэд түгэн дэлгэрсэн зайран Бямбадоржийн ариун үйл, бүтээл зохиолыг Мөнх тэнгэр судлалын дэлхийн академи үнэлэн сайшааж, дэлхийн академийн хүндэт доктор цолыг хүртээж, тэргүүн зайраны өргөмжлөлийг олгосон болно .
Эрхэм зайрангийн эрдэм ухаан эгнэшгүй их дэлгэрч
Эх орон, эрдэнэт арддаа энгүй их тусыг хүргэж
Энх жаргал, элбэг баяныг эсэнүүлэн авчирч
Эрхэт мөнх тэнгэртээ эрчимлэн ивээгдэх болтугай.

Г.Гэрэлбатар Мөнх тэнгэр судлалын
дэлхийн академийн ерөнхийлөгч, доктор, профессор

No comments:

Post a Comment