зар

Monday, March 19, 2012

Эжий цагаан домог

Алд ганц биеэрээ амьдран суудаг ухаант нэгэн хүүхэнд хан тэнгэр хэнз үр заяажээ. Хүү нь өсөөд идэр болохын цагт настэй ээж нь өвдөж гэнэ. Домч отчийг шүтээд тусыг олсонгүй. Аргаа барсан хүү аврал эрэн уйлж гэнэ. Халаглан уйлахыг нь сонссон удган их мод хүүд есөн уулын цаана ээжийг нь эдгээх эм тан бий гэж хэлжээ. Хүү ээжээ үүрээд хөндий талыг
туулж, ундаа идээн унтах нойроо умартан уул уулыг даван зүтгэв гэнэ. Найман их уулыг даваад найдвар тасарчээ. Ес дэх уул нь амьд хүн байтугай араатан, жигүүртэн авирч гарамгүй эгц өндөр. Хайлган ижий нь хайран, өндөр уулан өршөөлгүй. Гуньж гутарсан хүүг уул усан, ургамал ногоо дэмнэж, хан тэнгэр хайрлан өрөвджээ. Халирсан сэтгэл байвал хадыг давж чадахгүй гэж зоригжуулав. Эмгэн буурал ээжээ үүрээд элгэн биеэрээ мөлхөөд, энэлэн шаналанг мартан зүтгэхэд тэр их хайрыг үзсэн өргөст бутан ярагдаж, өндөр хадан намсаж, уулын чулуу уярчээ. Ес дэх уулын оройд гарахад урьд үзээгүй тунгалаг горхи, үрээ дагуулсан ангир, үүлээ хөөсөн тэнгэр, ихэрлэж ургасан цэцэгс, ижилсэж ургасан модод угтав гэнэ. Сацрах горхины уснаас ээждээ амсуултал элгэн бие нь эдгэв. Амин бие нь аврагдав гэнэ. Хүү хан тэнгэртээ мөргөөд хатан эхээ дагуулаад харгил өндрөөс бууж ирлээ. Хайртай буурал ээжийнх нь халуун биеийг эдгээсэн, хамаг зовлонгоос салгасан нөгөө их ууландаа баярлаж талархаснаа хэлье гэтэл цавчим их уул бараа сураггүй элс болсон байв.

No comments:

Post a Comment