хүндэтгэх үзэл баримтлалыг скаутын хөдөлгөөнөөр дамжуулан олж авч үүндээ үнэнч байдгийн хувьд ямар нэгэн шашны холбоотой хэрүүл тэмцэл, хэлээ ярианаас холуур явахыг хичээж байдаг хөөн.
Энэ удаад бол би гэдэг хүн Монголчууд бидний язгуурын ёс заншил, зан үйлд гүнээ улбаалан үлдсэн Бөө мөргөл, уул усаа тахин шүтэх үзлийн тухайд л хэдэн зүйлийг бичих гэсэн юм. Ойрд ер нь блогтоо хүн уншчихаар зүйл бичээгүй тул хичээнгүйлэн толилуулж байгааг ойлгоорой.
Бөө мөргөлийн зан үйл бидний амьдралын салшгүй хэсэг болсон бөгөөд бид заримдаа тэрийг нь тэр бүр анзаарахгүй л явдаг. Бүдрэхдээ хүртэл уул усныхаа нэрийг хэлэн уулга алдаж, усан дээр сүү хийхээс сүүн дээр ус хийдэггүй, багана алдлахгүй, босгон дээр гишгэхгүй, малгай, бүсээ газар хаяхгүй, овоонд чулуу өргөдөг бидний амьдралын зан үйлүүд язгуураасаан бол байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр байдаг Бөө мөргөлийн нэг хэсэг билээл.
Гэтэл сүүлийн үед "шүтэх" үйл нь "сүйтгэх" үйл болон явцуурч байгааг энгийн иргэдээс эхлээд "ихэс" дээдэс ч болгоомоор байна.
Нэгэн жишээ: Би өөрөө Сүхбаатар аймгийн хүн л дээ. Тэгээд хараад байхад "Алтан овоо"-ны их тахилагтай жил Дарьганга сум болон түүний ойролцоох үзэсгэлэнт газруудын хувьд "гамшгийн" жил болчихож байгаа харагддаг. Том нэртэй боловч талын бяцхан уул Алтан овоон дээр маань хүчтэй хөлөгтэй хүмүүс бараг машаантай гарчихна. За тэгээд тэр хавийн газар нутаг бол эрэгсэн улаан тоос болон үлддэг. Үүнтэй холбоотойгоор Ганга, Дагшин, Дуут, Зэгэстэй гэсэн тал нутагт ховор үзэгдэх бяцхан нууруудын Эко систем сүйдэж, тухайн орчинд үр төлөөн гаргадаг араатан, жигүүртэн, хоёр нутагтны амьдралын хэмнэл ч алдагдан нэг жил "хээл хаях" болж байна.
Саяхан уулзсан хоёр нутагтныг судалдаг эрдэмтэн яг Алтан овооны тахилгатай жил дэлхийд ганцхан Монголд байдаг нэгэн төрлийн мэлхий "түрсээ" шахаж чадалгүй намар болгосон байсан тухай ярьж байсан билээ. Мэлхийнд ингэж нөлөөлж байхад бусад соргог, сүрхий амьтдад хэрхэн нөлөөлөх нь тодорхой. Мэдээж тэр орчимд өвөл байтугай намар ч малын хамар хатгах өвс ургахгүй нь тодорхой.
Хамгийн том аюул нь Ганга нуур болон бусад дагалдах жижиг нууруудын усны бохирдол түүнтэй холбоотойгоор ширгэх, ойр орчмын булаг, шандууд нь устах явдал сүүлийн жилүүдэд \Гэгээн төрийн их тахилгаас хойш\ илт нэмэгдсэн байгаа юм.
Бас нэгэн жишээ: Манайхан овоо таарвал "Овооны эх таньд, Олзны эх маньд" хэмээн ерөөл өргөн овоонд нь явганаар алхаж чулуу өргөдөг ёстой билээ. Гэтэл Сүхбаатар аймгийн бас нэгэн бахархал болсон байгалийн ховор сайхан тогтоц Талын агуйн чанх харалдаа босгосон жижиг овоог \энэ овоогоор баримжаалахгүй бол тэр болгон хүн агуйг олохгүй дээ\ "ЁС ТӨРТЭЙ" томоохон эрхэмүүд машинтайгаа гороолж солиорцгоодог ажээ. \Сүхбаатар аймгийнхны ФБ групп дээр М.Зоригт ахын бичсэнээс жишээ болгов\ Тэгээд хэд хэдэн машаан агуйн амруу унасан байгаа юм. Түүнийг татаж гаргах явцдаа мэдээж агуйн аманд доргилт өгч, цууралт, хагарлыг нь нэмжээ. Мөн л их тахилгын үеэр хэт олон хүн зэрэг орон агуйг сонирохсноос болоод мөнх цэвдгийнхээ хүчээр нуралгүй тогтож байдаг тэр сайхан агуйн доторхи мөс илт хайлан нурж унах аюул нүүрлээд байгаа билээ.
Зөвхөн энэ хоёр жишээнээс гадна хаа нэг газар сайн сайхан гэсэн газар нутаг, рашаан булаг, сүм хийд, байгалийн тогтоц бий болмогц "ард түмний" их цуваа уулгалан орж өөрөсдийн "ул, мөр"-ийг тодоос тод үлдээн тарамддаг ТЭНЭГ зан үйл байсаар байгааг хэлэх гэсэн юм.
Ард түмэндээ ая тал засах гэсэн төрийн томчууд минь "Их тахилгын" хоорондын хугацааг холдуулж байгаль дэлхийгээн хайрлаач, ард иргэд минь амарч, зугаалах, сүсэглэн мөргөх, сүжиглэн бишрэхдээ байгаль эхийнхээ унаган төрх, эрүүл, аюулгүй байдалд анхааран хичээж баймаар байна. Ядаж л ургаа модонд хадаг уядагаа, усны эх, ундрагыг сүйтгэхгүй, хог новшоо аваад явчихдаг, шинэ зам гаргаж бус хуучин замаа даган явж сурмаар байгаа юм шүү дээ.
Зиа ийм л байна даа. "Шүтэх" үйлээ хичээнгүйлэн засч, нүгэл ба буянаа ялган салгаж ойлгодог болчихвол эх дэлхий, эх орон, эх нутаг минь баярлах буй заа.
Аялал, жуулчлалын асуудал хариуцсан төрийн шат шатны байгууллагууд ч энэ асуудалд өндөр дуу хоолойтойгоор анхаарлаа хандуул "СОЁЛ"-ын шинэ эрнийг эхлүүлмээр санагддаг.
No comments:
Post a Comment