Буриад ястан. Монгол бичгээр: Монгол
угсаатны эртний нэгэн аймаг, өнөөгийн Монгол үндэстний нэгэн ястан,
язгуурын Монгол хэлт зон олон. Өнөө үд Буриад ястан нь 3 улсад тархан
сууж байнаг. ОХУ, Монгол улсад "Буриад", Хятад улсад "Монгол" гэх нэрээр
хүн амын бүртгэлд бүртгэгддэг. Орост 461,389, Монголд 45,087, Хятадад
10,000 орчим Буриад ястан бий. Буриадуудын уугуул нутагт өдгөө ОХУ-ын
Бүгд Найрамдах Буриад Улсыг байгуулжээ.
Монгол
Кирилл үсгээр "Буриад" эсвэл "Буриад Монгол", Буриад Кирилл үсгээр
"Буряад" эсвэл "Буряад Монгол" гэж бичээд араас нь "зон", "ястан", "ард"
юм уу олон тооны дагавар залгаж хэвшсэн. Оросоор "Бурят", Харин Цахар,
Үзэмчин нар "Бураад", Халимагууд "Бүрэд", зарим Буриад аялгаар "Баряад"
гэж дууддаг. Буриад гэдэг нэрийг анх Монголын Нууц Товчоонд дурьдагсан
байдаг.
а. Буриад бүсгүй 1856 он. б. Буриад бөө 1904 он, в. Өвөр Байгалийн Буриад айл. 1840 оны номын зураг
Буриад хэмээх нэрийн талаар хэд хэдэн таамаглал бий:
- "Бури" (туркээр "чоно") эсвэл "бури-ата" (туркээр "эцэг чоно") гэдгээс гаралтай.
- "Буруут" гэдгээс гаралтай – Монголчууд исламын шашинтай кыргызуудыг буруу номтон гэж нэрлэдэг байсанчлан Монголчуудаас өөр шашин шүтдэг байсантай холбоотой байж магадгүй. Энэ боломж бага магадлалтай.
- "Брат" (оросоор "ах" эсвэл "дүү") гэдгээс гаралтай. Оросууд өөрсдөдөө ойр дотно хандаж байсан учир тэгж нэрлэсэн байж магадгүй. Энэ боломж мөн бага магадлалтай.
- "Буруулсан ард" гэдэг нийлмэл Монгол үг. Орост дагаар орсны дараа ингэж нэрлэдэг байсан. Цаг хугацааны уртад сунжран буриад болсон. Ойн ардаас үүссэн гэж үздэг бөгөөд анхнаасаа л Байгаль нуурын орчим нутагладаг байсан гэж зарим түүхийн сурвалжид бичсэн байдаг.
а. Сэлэнгийн Буриадууд б.Буриад ястны хувцас
Буриад зон нь 90 овгоос бүрдэнэ. Буриадуудын
эрэгтэй хүний дээлийн энгэр 3 өнгөтэй байдаг бөгөөд хамгийн дээд талын
өнгө тухайн хүний овгийн өнгө нь байдаг. Жишээлбэл, Халибин овгийн
дээлийн дээд өнгө нь шар, Цонгооль овгийн эрэгтэй хүний дээлийн энгэрийн
дээд өнгө нь улаан байх жишээтэй.
Буриадын
гарал үүслийн хувьд Монгол туургатны маш эртний салбар аймаг юм. Баегу
аймгаас гаралтай Хорь буриад, Барга гэсэн 2 том угсаатан салбарлан
гарсан байдаг. Барга-Буриад хэл Халх хэлнээс 1800 жилийн тэртээ салсан
хэмээн үздэг. Буриад нь дотроо 90 шахам отог удмын овгоос бүрдэнэ.
Тухайлбал: Сонгоол Буриад, Аг Буриад, Хорь Буриад гэлцэнэ. Шинэхээн
буриад нь Хорь Буриадаас гаралтай бөгөөд Хаант Орос улсын харьяанд орсон
Буриад иргэд юм. Тэд Цагаан хаанд дагаар ороод зогсохгүй Якут Түнгүс
угсаатантай цус хольцолдон буй болсон бөгөөд одоогоор Оросын Холбооны
Улсын Буриад улсад олноор аж төрж байна.
Монгол
улсын буриадууд нь хэл аялгууны хувьд Онон Улзын Хорь, Ага, Хамниган,
Худир буриадын аялгуу болон Сэлэнгэ-Үүрийн голын Түнхэн-Санагын Сонгоол
буриадын аялгуугаар голчлон ярилцана. Түүнчлэн Буриад ястан нь өвөрмөц
соёл бүхий зон юм. Тэд байшин сууцанд голлон суух бөгөөд барилга барих
хадлан хадах, жимс түүх, ан агнах, сааль сүүний ажилд нэн сурамгай. Найр
наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль
хэлэх, тэргүүтнээрээ ихэд алдартай.
Буриад
зон эрт цагт Ойн иргэдийн дотор багтаж байлаа. Ойн иргэд Байгал нуурын
хоёр талаар, Сэлэнгэ мөрний адаг, Зүлхэ мөрний сав, Саян уулс, Енисей
мөрний эх, Тагна (одоогийн Тува) газруудаар суурьшиж байсан гэж үздэг.
Тэр цагт Хорь Түмэд, Буриад, Булагчин, Хэрэмчин мэтын ястад ой тайгаар
ан гөрөө хийж аж төрж байв. 1206 онд Чингис хааны байгуулсан Их Монгол
Улсын мэдэлд орж. Монголын Юань улсын дараагаар Барга, Буриадууд "Арын
ганц модон" гэх отогууд Дөрвөн Ойрдын мэдэлд оржээ. 15-р зуунд Ойрд буюу
Баруун Монголчууд өрнө зүг нүүж, Барга Буриад аймгууд Зүүн Монголын
Батмөнх Даян хааны харьяат болоод, зургаан түмэн Монголын зүүн 3 түмний
нэг Урианхай түмний бүрэлдэхүүнд багтаж байв. Тэр үед Буриад зон
Байгаль, Сэлэнгэ, Онон, Хөлөн буйр, Хянган нутгаар нүүдэллэн амьдарч
байв. 17-р зуунд Урианхай бутарч, Буриад зон Халхын Түшээт хан, Засагт
ханы захиргаанд хамаардаг байлаа.
17-р
зууны дунд үеэс Оросууд Сибирьт орж ирэн Буриадад хэрэм барьж эхлэв.
1648 онд Үдийн цайз (хэрэм), 1652 онд Баргажаны, 1654 онд Эрхүүгийн,
Нэршүүгийн нутагт гэх мэтээр хэрэм барин сууж, Байгаль шадар нутаг
суудаг Буриадуудыг захирч эхлэв. Тэр үед Манжын хаан Монгол нутагт
нэвтрэн зүүн талаас захалж хаяалжээ. Буриад отгуудын түрүүч, ноёд
хуралдаад ямар улсыг түшэх тухай гэж зөвшилцөөд нэг нь Халх руу, Манж
руу, Орос руу гэх ондоо 3 санал гаргацгаажээ. Ихэнх нь нутагтаа үлдэж,
Оросын цагаан хааны мэдэлд орохоор шийдэв. Цаашид олон ядуу Орос
тариачдыг Цагаан хааны зарлигаар зөөж суурьшуулан үржил шимтэй газар
нутгийг аажим аажмаар эзлэжээ. Ингэж Буриадууд Оросуудад эзлэгдсэн
түүхтэй. 1727 оны гэрээгээр хилийн шугамын овоод босгогдож, Буриад нутаг
тэр хэвээр Хаант Оросын мэдэлд орсон юм.
Нийт
буриад хүний тоо 550,000 орчим бөгөөд эдгээрээс 445 мянга нь Орост
(2002 оны өгөгдлөөр), 70 мянга орчим нь Монголын хойд хэсгээр (1998 оны
өгөгдлөөр), 25 мянга орчим нь ӨвөрМонголын зүүн хойд хэсэгт оршин суугаа
гэсэн тооцоо бий.
Уламжлалт
шашин шүтлэг нь Бөө мөргөл бөгөөд 16-р зууны сүүлчээс Төвдийн Буддын
шашины урсгал шарын шашинд бусад Монголчуудын адил биширсэн байдаг.
Буриадад Христосын шашин анхны оросуудтай хамт нэвтэрч, 20-р зууны
сүүлийн хагаст өргөн тархсан. 1741 онд Буддын шашин Оросын албан ёсны
шашнуудын нэг болсон бөгөөд Буриадын анхны Буддын сүм Тамчин дацан тэр
үед байгуулагдсан байна. 1914 оны байдлаар Буриадад 48 дацанд 16,000 лам
шавилан сууж байсан гэдэг баримт бий. 1930-аад онд Буриадын Буддын сүм
хийдүүд бараг бүгд хаагдаж, сүйтгэгдсэн ажээ. Тэр үед Нармай Монгол
хөдөлгөөн өрнөж байснаас Иосиф Сталины дэглэм 10 гаруй мянган буриадыг
хэлмэгдүүлж, улсын нэр Буриад-Монгол байсныг Буриад болгон өөрчилжээ.
эх сурвалж Үндэстний цахим өв академи
No comments:
Post a Comment