Мянган хүмүүс цагаан хувцастай
Мөрөөдөл хүрэхээргүй алсын од шиг
Харанхуйд тэр нар гэрэлтэн харагдана
Хийсээд л , намираад л, гэрэлтээд л.
Арваас хасах нь тав хэд вэ?
Арзайсан хуруунуудаа тоолвол тав,тав
Тав дээр нэмэх нь тав
Тавьсан асуулт хэвэндээ л: арав.
Салхилахаар гарвал салхи байсангүй
Сэтгэн бодвол навчис алга
Хувхай цайсан модны өрөвдөлтэйг
Хоосон хийсэхгүй гээд салхи ч ирсэнгүй.
Бороон дуслууд өрөөнд орохыг хүсэхэд
Би цонхоо нээж өглөө
Бороотой хамт салхи, чийг, үнэр
Бүгд өрөөнд хуралдав. Сайхан даа.
Зарим хоолны амтгүйг яана!? угаадас
Загнаж харин гомдлохоор; битгий ид гэнэ
Тэгэхээр яаж амьдрах болж байна?
Тэгэхдээ ямар ч их хооллодог юм бэ!?
Сайн уу Самдаан? эмээ авсан уу?
Санахгүй байна аа!? бүгдийг нь уучиж!
Харин би яасан гэж үү?
Хараадахъя. Хөөе миний эм хаачив!?
Хачин сүнснүүд эм ахиад хулгайлчиж
Хаана ч нуусан олоод авчих юм
Халаасандаа хайгаад, хайгаад олгохгүй нь
Хурдан эдгэмээр байна...Сүнснүүдээ!
Эзэнгүй хоолой хаа сайгүй хэсүүчилнэ
Эзэнтэй нь харин дотороо л хорогдоно
Би бодвол эзэн нь бололтой
Баахан хоолойн эзэн нь юм шиг байна.
Гэрэл унтрана. Гэрэл асна
Гадаа харанхуйлна. Гадаа гэрэлтэнэ
Бүгд нийт хөл гарны тооноос хэтрэхээр нь
Балдан, Самдангынхруу ороод тоогоо алдав.
Хөлдүү бороо цонх тогшихгүй
Хөвөн дүүлэх шувуу мэт үзэгдэнэ
Хааяа би өөрийгөө цас шиг
Хав хараас үүссэн цагаан гэж бодох юм.
Өөртэйгөө яриад байна гээд энд би ирлүү?
Өрөөлтэй ярих ёстой гэж хэн хэлсийн бол?
Бүгд л энд өрөөлтэй ярисангүй гээд иржээ
Бүтэхгүй зарим нь хайрцагтай хүртэл ярина
Алаг эрээн юмс цонхны цаана бараантана
Амьдрал харин миний дэргэд
Хоосон гээд байсан хаана байна?
Харин энд бүүр ч ихээрээ эргэлдсээр л.
Миний хараагүйг зарим нь харах юм
Миний өмнө байсан газрын хүмүүс шиг
Би өөрийгөө сохорч байна уу!? гэж айна
Балрах болоогүй бололтой: Самдан хөвнө.
Тэр бүсгүй надад таалагдах юм
Тэнгэрт даанч нисдэггүй нь харамсалтай
Тэгдэг байсан бол орныхоо дэргэд уяад
Тэрийг үдэш болгон тэвэрч унтахсан
Төмөр ор чихран дуугарч
Дээш доош бамбалзана
Тааз нэг ойртож нэг холдоод
Тун удахгүй би нисэж сурах нь
Анхны туршилт амжилтгүй болсон ч
Ахиад нэг л туршихад хангалттай!
Хөлнөөс зүүгдэх чулуун ханы цаана
Хорхой үүрлэсэн бололтой...загтнана.
Надыг эргэж Самдан, Балдан ирэв
Нисье гээд татаж чангаад зовлонтой
Намайг чадахгүйг мэдсээр байж
Надаар тохуурхан эргэлдэнэ.
Сүүлчийн туршилт
Салхи хүртэл иржээ
Самдан, Балдан ч эргэлдэнэ
Санаа амар бай! би эргээд ирнэ ээ.
No comments:
Post a Comment